Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эх орныхоо нэрийг дуурсгаж яваа урлаг, соёл, спортын зүтгэлтнүүд, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын шинэ түүхийг бүтээж буй багш, эмч, малчин, уурхайчин, цагдаа, шүүгч, орчуулагч, аврагч, сувилагч гээд салбар салбарын гавьяат үйлсийн эздэд төрийн дээд цол, одон, медаль хүртээхээр төрийн тэргүүн зарлигаа гаргажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордонд өөрийн биеэр шагналын салхийг эхлэн хагалж, зарим хүнд төрийн дээд цол, одон, медалийг нь гардууллаа.
Тодруулбал, Хөдөлмөрийн баатар цолоор Ардын жүжигчин Б.Зангад, Ардын жүжигчин цолоор Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн хуурч гэгддэг Ц.Цэрэндорж нар хамгийн “том” цолыг нь хүртсэн. Шинэхэн Хөдөлмөрийн баатрыг Төрийн тэргүүн “Монгол Улсын соёл, урлагийн салбарт бүтэн жарны турш зүтгэж, ард түмний сэтгэлд шингэсэн олон дуу дуулан, өөрийн өвөрмөц дэг сургуулийг буй болгож, 1962 оноос өнөөг хүртэл 10 мянга гаруй тоглолтод оролцон, сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчлах үйлсэд он удаан жил онцгой гавьяа байгуулан ажиллаж буй нэрт дуучин” хэмээн тодорхойлсон. Мөн аж үйлдвэрийн гавьяат ажилтан дөрөв, гавьяат багш арав, гавьяат тээвэрчин гурав, гавьяат хуульч хоёр, гавьяат эдийн засагч долоо, соёлын гавьяат зүтгэлтэн гурав, гавьяат жүжигчин гурав, урлагийн гавьяат зүтгэлтэн хоёр, гавьяат эмч цол гурван хүнд хүртээлээ.
Гавьяат эмч нарын нэг нь хүн ардын эрүүл энхийн манаанд 57 жил зүтгэхдээ Увс аймгийн Зүүнхангай сумын хүн эмнэлгийн эмч, эрхлэгчээр 34 жил ажилласан Н.Чадраабал юм. Түүнчлэн гавьяат малчин цолтон хоёр төрсөн нь бүсгүйчүүд байлаа. Үүнээс гадна гавьяат механикжуулагч цолоор Б.Баатаржав, гавьяат тамирчин цолоор жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад С.Мияарагчаа, гавьяат холбоочин цолоор Д.Цэрэндорж, гавьяат уурхайчин цолоор Л.Батсуурь, гавьяат барилгачин цолоор Б.Равдансамбуу, гавьяат дасгалжуулагч цолоор Н.Пүрэвжав, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор С.Баавгай, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч Д.Ичинноров нарыг тус шагнав.
Мөн Монголын радиогийн Хүүхэд, залуучуудын редакцид насаараа ажилласан ахмад сэтгүүлч Барсын Туяа хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм. Түүнчлэн Сүхбаатарын одонгоор Д.Дашдовдон, Цэргийн гавьяаны одонгоор О.Ариунаа, Алтангадас одонгоор Ж.Бадамсэд, Цэргийн хүндэт медалиар Д.Идэрзаяа, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Раднаабазар нарыг тус тус шагналаа. Төрийн дээд цол, одон, медалийн заримыг нь мөн өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардууллаа.
Төрийн одон медалиар шагнуулсан хүмүүсийн сэтгэгдлээс хүргэе.
Б.ЗАНГАД: УРЛАГИЙН САЛБАРААС ТӨРСӨН ЕС ДЭХ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР НЬ БИ ЮМ БАЙНА
Төрийнхөө өндөр дээд хайр хишгийг хүртээд сэтгэл их сайхан байна. Би өнөөдөр маш олон хүнд баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. Энэ олон жилийн турш намайг дэмжсээр ирсэн Монгол орны дөрвөн зүг, найман зовхист суугаа ард түмэндээ баярлалаа. Тэр дундаа олон ястны өлгий Ховд аймгийнхандаа, нутгийн зөвлөлийнхөндөө, миний унасан газар, угаасан ус минь болох Буянт сумынхандаа, 40 гаруй жил уран бүтээлийг минь дэмжиж ирсэн Монголын урлагийн ажилтны холбооныхондоо чин зүрхнээсээ баярлаж явдгаа хэлье. Та бүхнийгээ сэтгэлдээ үргэлж сүслэн тээж явдаг шүү. Монгол түмний маань сор болсон үе үеийн уран бүтээлч олон шүү дээ. Гэтэл Монголын урлагийн салбараас төрсөн ес дэх Хөдөлмөрийн баатар нь би юм байна. “Ийм сайхан хувь тохиол байх гэж” хэмээн ихэд бэлгэшээж сууна даа.
Ж.НЭРГҮЙ: ИЖИЙ МИНЬ БАЙСАН БОЛ ЯАСАН ИХ БАЯРЛАХ БОЛ ОО
Түмэн шөнө, буман өдрөөр тархиа ширгээсний минь хариу ирлээ гэж ойлгож байна. Шинэ номыг минь гарсан даруйд шүүрэн авдаг уншигчдадаа, миний бүтээлийг өөр өөрийнхөө үнэлдэг, надад урам хайрладаг түмэн олондоо баярлалаа. Төрийн хайр хишгийг хүртэх энэ агшинд “Муу ижий минь байсан бол яасан их баярлах бол оо” гэж өөрийн эрхгүй бодогдож, харамсаж байна даа. Ээж минь намайг хар багаас уран сайхан үгээрээ хайрлаж, магтаж, бас зэмлэж өсгөсөн. Яруу сайхан монгол хэлний арвин баялаг өв санг надад мэдрүүлсэн хүн бол миний ээж.

Л.БОЛДБААТАР: ЦААШИД УЛАМ ИХ ХИЧЭЭХ БОЛНО
Энэ сайхан хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Төр үүлж өсгөсөн аав, ээждээ, түмэн олондоо хязгааргүй баярлалаа. Би 1998 онд СУИС-д элсэж, 2003 онд төгссөнөөсөө хойш арав гаруй жил уран бүтээлээ туурвиж байна. Өнгөрсөн хугацаанд есөн цомог гаргаж, арван удаа тоглолт хийжээ. Цаашид улам их хичээж, илүү сайн уран бүтээлээр ард түмнийхээ сонорыг мялаах болно гэж амлая даа.

Л.ЦАГААНДАЛАЙ: НАМАЙГ ТООСОН МОНГОЛЫНХОО АРД ТҮМЭНД БАЯРЛАЛАА
Төрүүлж, өсгөсөн аав, ээж, өвөг дээдсийн минь буян хишиг, түшиж тулсан хань ижил, хамт олны минь нөмөр нөөлгийн ачаар төрдөө үнсүүлж байгаадаа их баяртай байна. Телевиз гэж юу байдгийг ч мэдэхгүй шахам хөдөөний жаалхүүг гэгээн саруул ордондоо оруулж, өдий зэрэгт хүргэсэн МҮОНТ-ийн хамт олондоо, үргэлж намайг дэмжиж, уран бүтээлийн үнэнч хамтрагчид байсаар ирсэн Сэнгээрэйн Сүхбаатар, Лодойн Дуламс үрэн гэсэн хоёр сайхан найруулагчдаа баярлалаа гэж хэлье. Эцэст нь намайг тоосон Монголынхоо ард түмэнд баярлалаа. Манай монголчууд хүнийг тоохоо хүртэл тооно, тоохгүйгээ хүрвэл тоодоггүй улс шүү дээ. Тиймээс та нарынхаа урмыг хугалахгүйн төлөө чадлаараа зүтгэнэ ээ.

С.МИЯАРАГЧАА: ОЛИМПИЙН ЭРХ АВАХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭ ЭЭ
Монгол Улсын гавьяат тамирчин болсондоо туйлын их баярлаж байна. Өчигдөр (уржигдар) манай нэг дүү над руу утасдаад, “Та гавьяат тамирчин болжээ” гэхээр нь итгээгүй юм. Гэтэл орой нь гавьяат тамирчин Амартүвшин дүүтэйгээ хамт явж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас яриад, энэ мэдээг дуулгахад нь итгэсэн. Сэтгэл нэг л дүүрээд ирдэг юм байна (инээв). Цаашид илүү сайн барилдаж, олимпийн эрх авахын төлөө хичээнэ ээ. Бас бусдадаа сайн өрсөлдөгч нь байж, тэднийг илүү хурцлах болно.

С.БААВГАЙ: АВРАГЧ НАРААС АНХ УДАА ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ
Үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх энэ эрхэм хүндтэй шагнал ганц минийх бус, онцгой байдлын албаны нийт аврагчдын алдар гавьяа, хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн төрийн хүндэтгэл гэж ойлгож байна. Яагаад гэвэл онцгой байдлын аврагч нараас анх удаа гавьяат төрж байгаа юм. Онцгой байдлын аврагчид бид “Аварна, тусална, хамгаална” гэсэн тангарагтай. Манайхан ямар ч цагт, ямар ч нөхцөлд эх орон, ард түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй зүтгэдэг. Үүнийг маань төр засаг үнэлж байгаад их баярлалаа.

Т.ДАМДИНСҮРЭН: СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРААС АНХНЫ ГАВЬЯАТ НЬ БОЛЛОО
Хүнсний аж үйлдвэрийн салбарт 46 жил тасралтгүй ажилласан хөдөлмөр зүтгэлийг минь өндрөөр үнэлж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасанд туйлын баяртай байна. Тэр дундаа сүүний үйлдвэрийн салбараас анхны гавьяат цолтон боллоо. Хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах, орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрийн хүнсний бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө би насаараа зүтгэсэн. Тиймээс хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангахын төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн хүнсний аж үйлдвэрийн салбарын нийт ажилтан ажиллагсад, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадын төлөөлөл болгон намайг шагналаа гэж бодож байна. Төр засагтаа болон үе үеийн ахмад хүнсчид, аав, ээж, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөдөө баярлалаа. Төр нь түвшин, түмэн олон нь энх амгалан байх болтугай.
Л.ГАНЧИМЭГ