Дөрвөн жилийн өмнө “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж,дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирч, уг киноны контратив хувилбарыг францын талд хүлээлгэн өгч байсан. Тэгвэл өнөөдөр сэргээн шинэчлэгдсэн бүтээл эх орондоо эргэн ирлээ.

"Цогт тайж" уран сайхны кино нь негатив, контратив, лаванд, дуу, дүрсний гэсэн таван төрлөөр Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалагддаг бөгөөд ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй. Харин хоёр улсын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд "Цогт тайж"-ийг сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх гэж байгаа учраас хоёр дахь хуулбар буюу контратив хальсыг өгч явуулсан байна. "Цогт тайж" уран сайхны киног Францын соёлын яамны харьяа "CNC" кино архивын төвд сэргээн засварласан бөгөөд манай Засгийн газраас ч ямар ч төлбөр авалгүй, үнэ төлбөргүй засварлаж өгчээ.
