Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл 18.00 цаг хүртэл үргэлжилсэн ч Дархан аварга А.Сүхбат очиж бүртгүүлсэнгүй. Удсан ч үгүй тэрбээр энэ жил зүлэг ногоон дэвжээнээ гарахгүй болсноо мэдэгдэв. Хэдхэн хоногийн өмнө хүчээр зүүний магнайд гарах гэсэн хүмүүстэй сөргөлдөн хэвлэлийн бага хурал хийж байсан бол хоёр хоногийн өмнө Үндэсний бөхийн холбооноос түүний эсрэг мэдэгдэл хийсэн ч нь энэ огцом шийдвэрт нь нөлөөлсөн болов уу. Уг нь тэрбээр бяр нь тэгширч, бэлтгэл нь ханасан, зодог тайлсан ч байнгын бэлтгэл байдаг хэмээн мэдэгдэж байсан ч энэ жилийн наадамд түүний уран мэх үгүйлэгдэх нь.
Ард түмнээ хоёр талцуулсан аваргуудын тэмцэл тийм ч таатай байгаагүй ч ахмад бөхчүүдээ сандаргасан үл ойлголцол түр намжиж, маргааш өглөө наран мандах зүгээс дархан аварга Г.Өсөхбаяр барилдах нь ээ.