Үндэсний их баяр наадмын нээлтийг догдлон хүлээдэг монголчууд энэ жил сэтгэлдээ хүрсэн сайхан тоглолтуудыг хүлээн авч, сэтгэл нь огшсон гэдэгт итгэлтэй байна. Монголын шилдэг найруулагч нарын хамтын бүтээл ийнхүү олон түмэн наадамчдаа цэнгээж чадлаа. ҮДБЭЧ-ын ерөнхий зураач Н.Ганболд, ерөнхий найруулагч Н.Болд, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Ганхуяг, "Сэлэнгийн долгио" чуулгын найруулагч С.Баярсайхан нар эл хөтөлбөрийг хэсэгчлэн хувааж найруулсан юм билээ.
Эдүгээгээс эртний түүхт Их Монгол Улсын үе хүртэл аялуулж, Монголын урлагийн охь болсон үзүүлбэрийг дээжилсэн нь тун ч оновчтой болжээ. 400 хүний бүрэлдэхүүнтэй бөмбөрийн чуулга, эрин үеийн төлөөлөл болсон жагсаалууд гээд онцлох зүйл олонтой сайхан нээлтийг орон даяар наадамчин олон үзсэн нь дамжиггүй.
сэтгүүлч Ж.Солонго
гэрэл зурагчин Э.Харцага