Ч.Туяа
Уухайн түрлэгтэй монгол наадмын хайр, бахдал зэрэг огшоодог нь хүүхдийн сур харваа билээ. Энэ жилийн баяр наадмын сур харваанд 120 гаруй хүүхэд оролцож, 9-11, 12-14, 15-17 гэсэн гурван насны ангилалд 35- 65 метр зайд цэц мэргэнээ сорьж, шилдгүүдээ тодоруулсан. 12-14 насны, эмэгтэй харваачийн ангилалд оролцон, 45 метрийн зайнд түрүүлсэн М.Оюунзултай цөөн хором ярилцлаа. Тэрбээр шагналаа гардан авахаар Төв цэнгэлдэхэд ирсэн байв.
-Өсвөрийн шилдэг харваач болж, тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу.
-Баярлалаа. Намайг Мэндбаярын Оюунзул гэдэг. Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул. Сайншанд хотын V сургуульд сурдаг. “Налгар түшиг” ХХК-ийн харваач.
-Улсын баяр наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ. Өмнө нь ямар амжилт гаргаж байв?
-Гурав дахь удаагаа оролцож байна. Сур харваагаар хичээллээд гурван жил болж байгаа. Энэ жилийн баяр наадамд Өсөх идэр мэргэн цол хүртсэндээ маш их баяртай байна. 32 сумнаас 29 оносон. Ханадаа 20 сумнаас 19, хасаандаа 12 сумнаас 10 онож, нэгдүгээр байранд орлоо. Аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бэ?
-Төв аймгийн Санчирнаран гэдэг охин хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Улсын идэр мэргэн цолтой учраас түүнээс эмээж байсан. Тэр 27 онож, гуравдугаар байрт орсон.
-Сур харваагаар хичээллэхийн давуу тал нь юу юм бэ?
-Ахмадаа хүндэтгэхээс эхлээд төлөвшилтэй хүн болдог. Олон тэмцээн уралдаанд оролцож, өөр аймгийн хүүхдүүдтэй танилцан, найзууд болох нь сайхан.
-Өсөх идэр мэргэн цолны болзол хангасан баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнд дуулгасан бэ?
-Багшийнхаа ээжид хэлсэн. Монгол Улсын хошой мэргэн Цэнгэл гэж хүн бий. Миний багшийг Адъяанямын Энхтайван гэдэг. Спортын мастер цолтой, аймгийн хошой мэргэн. Намайг түрүүлснийг сонсоод ээж минь Улаанбаатар хотод ирсэн.