Өчигдөр өглөө Хөвсгөл аймгийг зорьсон эгч маань орой Хатгалд, Хөвсгөл нуурын эрэг дээр машиндаа хоносон тухай өнөөдөр мэдэв. Тэр ч бүү хэл удтал хур ороогүй Хатгал тосгонд өчигдрөөс бороо орж, салхи хүч нэмэгдсэнээр нууранд давалгаа үүссэн гэнэ. Жанхай давж, задгай далай үзэх хүсэлтэй хүмүүс ч даваа өөд өгсөхөөс жийрхэсэн нь нутгийнхан "Үер болох нь ээ" хэмээн сэрэмжлүүлснээс үүдэлтэй. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын амралтыг дайруулан Хөвсгөл рүү аялахаар очсон иргэд олон байгаагаас шалтгаалж Хатгалын амралтын газруудад хоосон гэр үлдээгүй аж. Өчигдөр оройжин амрах гэр хайгаад олоогүй, бас бороо их хэмжээгээр орж байгаа тул майхан ч барьж чадалгүй машиндаа хоноод буцсан тухай өөр олон хүн ярьж байна.
Тэр ч бүү хэл Хатгалтай хамгийн ойр байдаг Алаг-Эрдэнэ суман дахь жуулчны баазууд ч нэлээд ачаалалтай ажиллаж байгаа аж. Та бүхэнд Хатгал сумын ойрын тав хоногийн цаг агаарын мэдээг хүргэе.