Дэлгүүрийн лангуу нь бараагүй, шатахуун түгээх станцууд нь бензингүй, банкууд нь ажиллахгүй, бэлэн мөнгөний машинууд ч мөнгөгүй. Хөвсгөл нуурын эрэг дээрх байдал ийм дүр зурагтай байгаа талаар олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан иргэд мэдээлэх болсон. Үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд Хөвсгөл нуурыг зорьсон дотоодын жуулчид бэлэн мөнгө, бензингүй болсны улмаас буцаж чадахгүй орон нутагт гацаад байгаа хэмээх яриа ч түгээд буй. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Хатгал суманд баяр наадмын өдрүүдэд 42 мянган дотоодын жуулчин очсон бөгөөд, дэлгүүрийн лангуу картын барааны үеийнх шиг хоосроод байгаа гэнэ. Тэгвэл энэ талаар тодруулахаар Хөвсгөл аймгийн Хатгал сумын Тамгын газрын дарга П.Мягмарсүрэнтэй холбогдлоо.
-Хатгалд бэлэн мөнгөний машин нь мөнгөгүй, ШТС-ууд бензингүй болсны улмаас Хөвсгөлийг зорьсон жуулчид буцаж чадахгүй гацаад байна гэх мэдээлэл гараад байгаа нь үнэн үү?
-Одоогоор манайд албан ёсоор тийм санал, гомдол ирээгүй байна. Хатгалд “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”-н шатахуун түгээх станцууд иргэдэд үйлчилж байгаа. Бэлэн мөнгөний нэг машин байрлуулсан байгаа нь ХААН банкных. Төрийн банк байрладаг ч АТМ буюу бэлэн мөнгөний машингүй.
Банкууд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан амарч байгаа. Хувийн байгууллагууд учир манайхаас банкны цагийн хуваарьт ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй. Банк ажиллахгүй байгаа болохоор хүмүүс бэлэн мөнгөгүй болсон байж болох юм. Манай суманд картаар үйлчилдэг дэлгүүр бий. Тус дэлгүүр 5000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдэдээ картнаас мөнгө гаргаж өгөх үйлчилгээ ч үзүүлдэг.
Дэлгүүрт байрлуулсан ХААН банкны бэлэн мөнгөний машин хэд хоногийн өмнө ажиллахгүй байгаа харагдсан. Хэдийгээр бэлэн мөнгөний машин нь хувийн байгууллагын мэдлийнх боловч энэ тал дээр цаашид анхаарч ажиллах нь зүйтэй юм байна гэж бодож байна.
-Наадмын өдрүүдэд Хатгалд очсон жуулчдын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ямар байсан бэ?
-Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад эрс ихэссэн. Энэ нь Үндэсний баяр наадмын амралт тав хоног болж уртассан, Хатгал хүртэл хар зам тавьсантай холбоотой байх. Тиймээс ч баярын өдрүүдэд манай сум хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Жуулчдын тоо эрс ихэссэнтэй холбоотойгоор буудаллах байшин, гэр олдохгүй байх тохиолдол гарсан. Байгалийн цогцолбор газар нэвтрэхдээ хураамж төлдөг. Уг Хураамжийг авах, мөн жуулчдад хогны уут өгөх ажлыг шалган нэвтрүүлэх цэгээр дайрах үед гүйцэтгэдэг учир тэр хэсэгт түгжрэл үүссэн.
Хатгал суманд байрлах “Петровис”-ийн шатахуун түгээх станцын ажилтантай холбогдож, бензиний нөөцийн талаарх мэдээлэл авахад “Баяр наадмын өдрүүдэд Хатгалд шатахууны хомсдол үүсээгүй. Одоо дуусах гэж байна. Өнөө оройдоо бензин ирнэ” гэв.
Харин баярын өдрүүдэд ажиллагаагүй хэмээн мэдээлсэн АТМ-ын талаар тус банкны мэдээллийн ажилтан “Эндээс харахад сүлжээний болон программын доголдол үүсээгүй. Бэлэн мөнгө дууссан эсэх талаарх мэдээллийг эндээс харах боломжгүй” хэмээн хариуллаа. Хатгал болон Хөвсгөл аймгийн бусад сумдын банкууд долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
