Баярын өдрүүдэд Говь-Алтай, Хөвсгөл, Архангайд цас орж, цөөнгүй мал осгожээ. Цаашид цаг агаар ямар байх талаар болон бусад зүйлийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Д.Сумъяагаас тодрууллаа.
-Хэд хэдэн аймагт цас орсон гэсэн мэдээлэл байна. Яг аль аймагт хэдий хэмжээний цас орсон бэ?
-Говь-Алтай, Хөвсгөл, Архангайд цас орсон. Бидэнд сум, аймгийн төвийн л мэдээлэл ирдэг. Уулын бэл, оройд цаг уурын станц, харуул байдаггүй учраас төдөн мм цас орсон гэж хэлэх боломжгүй. Ер нь уулархаг, хүйтэн нутгаар цас орсон байна. Энэ сарын 10-наас баруун зүгийн нутгаас эхлэн, ялангуяа Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангайн хойд нутгаар үргэлжилсэн бороо орсон.
Ер нь Улаанбаатар, Сэлэнгэ, Төв, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар л түр зуурын бороо орлоо. Дорноговь, Өмнөговийн урд талын нутгаар бороо орсонгүй. Завханы Нөмрөг суманд хамгийн их буюу 72 мм хур тунадас орсон. Одоогийн байдлаар Хөвсгөл, Завханд орж байсан бороо зогссон. Архангай, Өвөрхангайн хойд тал, Булганы зарим нутгаар бороо үргэлжлэн орж байна.
-Цаг агаар хүйтэрнэ гэдэг үнэн үү?
-Энэ сарын 20-ныг хүртэл баруунаас бусад нутгаар өдөртөө халж, түр зуурын, усархаг, аадар бороо орно. Иймээс иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж байна. Цас бол орохгүй.
-Өдийд цас орсон тохиолдол хэр олон байдаг вэ?
-Огт цас ордоггүй байсан юм биш. Зун уулаараа цас ордог. Энэ жил хүмүүс хөдөө их явсантай холбоотойгоор цас орсон мэдээлэл их цацагдлаа.
-Цас орсноор хөрсөнд сөргөөр нөлөөлөх үү?
-Үгүй. Олон хоног үргэлжлээгүй, хүйтрээгүй болохоор орсон цас удахгүй хайлчихна. Завханд хүн осголоо гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан ч манайд албан ёсоор мэдэгдээгүй байна.
Э.ЭРДЭНЭ