Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО сүүлийн 10 жилд хийгээгүй хамгийн том бөгөөд чухал цэргийн сургуулилтыг энэ онд хийнэ. НАТО-гийн албан ёсны төлөөлөгч Оана Лунгескугийн мэдэгдсэнээр, “Trident Juncture 2015” цэргийн сургуулилтыг энэ намар хийх ажээ.
Түүний хэлснээр, “Trident Juncture 2015” нь тус эвслийн 2002 оноос хойших хамгийн том цэргийн сургуулилт болно. Уг сургуулилтад НАТО-гийн холбоотон болон түнш 30 гаруй улсын 36 мянган цэргийн албан хаагч оролцох юм.
Сургуулилт 2015 оны 10 дугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 6-ны хооронд Итали, Португали болон Испанид болно.
“Энэ сургуулилтыг НАТО-гийн Хариу арга хэмжээ авах хүчний бэлэн байдлыг шалгах зорилгоор хийх гэж байна” гэж төлөөлөгч хэллээ.