“Хэдхэн хором зарцуулаад зурганд минь лайк дараад өгөөч” гэсэн утгатай постыг фэйсбүүк хэмээх олон нийтийн цахим сүлжээнээс та цөөнгүй удаа харж байсан биз ээ. Хэрэглэгчдийн цар хүрээ нь өдрөөс өдөрт тэлж буй энэ талбарт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгэн моод дэлгэрээд буй нь хэрэглэгчдийн дунд сэдэвчилсэн гэрэл зургийн уралдаан зарлах арга.
Маркетингийн сурталчилгааны эл хомрогонд УИХ-ын гишүүн М.Зоригт өртжээ. Гэхдээ тэрбээр ирэх сонгуулийг угтаж, өөрийн нэр хүндээ өсгөхөөр уралдаан зарласан юм биш “Samsung Mongolia” хуудаснаас зохион байгуулж буй “Дээлтэй Монгол” гэрэл зургийн уралдаанд өрсөлдөж буй.
Долдугаар сарын 3-16-нд зохион байгуулсан уг уралдааны ялагч “Samsung”-ын гэрэл зургийн аппаратаар шагнуулна. Энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүний 9911.... дугаарт залгахад туслах Ч.Номингуа нь “Одоогоор М.Зоригт гишүүн Сүхбаатар аймагт томилолтоор явж байгаа. Samsung Mongolia фэйсбүүк хуудаснаас зарласан гэрэл зургийн уралдаанд оролцож байгаа нь үнэн. Түрүүлбэл шагналд өгөх гэрэл зургийн аппаратыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийн багш Д.Алдарт бэлэглэх юм” гэв. "Дээлтэй Монгол" уралдааны дүн өнөөдөр 12.00 цагт гарна.