Урьд шөнө орсон усархаг аадар борооны улмаас Багануур дүүрэгт хэд хэдэн айл үерийн усанд автжээ. Борооны улмаас тус дүүргийн тавдугаар хорооны Их гүний есдүгээр гудамжны хойд талын үерийн далан сэтэрсэн байна.
Өчигдөр орой 21.00 цагийн үед Онцгой байдлын хэлтэст дуудлага ирсэний дагуу найман албан хаагч очиход 8, 9, 10 дугаар гудамжны айл өрхүүд усанд автсан байжээ. Аврагчид ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулсан хэмээн Гамшгийн шуурхай удирдлагын газар мэдээллээ.