Баяр наадмын өдрүүдэд хэт халалттай байсны улмаас голын эрэгт аялж зугаалах иргэд олон байсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голд 4 чиглэлд завьт эргүүл ажиллуулж аюулгүй байдлыг нь хангажээ.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас баяр, амралтын өдрүүдэд 6 иргэн голын усанд осолдож амь насаа алдсан байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төвийн харалдаа Туул гол хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах ангийн бүлгийг гаргахад 44 настай, эрэгтэй Туул голын усанд осолдож нас барсан байдалтай байсныг цогцсыг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн Хайрхан амралтын газрын харалдаа Туул голд хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах ангийн бүлгийг очиход 17 настай, эрэгтэй Туулын голын усанд осолдсон байсныг гаргаж аврагчид анхан шатны тусламж үзүүлэхэд нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэж байна.
Энэ сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төвийн харалдаа Туулын голд 3 хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 25 настай 3 эрэгтэй усанд живж байсныг ойролцоо амарч байсан иргэд хоёрыг нь гаргасан байжээ. Усанд живж осолдсон иргэн 25 настай, эрэгтэйг шумбалт хийн 2.2 метрийн гүнээс цогцсыг гаргасан аж.
Налайх дүүрийн 6 дугаар хороо Тэрэлж-Улаанбаатар-2 гүүрний доор хүн живсэн дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход 23 настай, эрэгтэй усанд живж амь насаа алдсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Бороо үргэлжлэн орж голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голоор автомашинтай гатлахгүй, голын усанд орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас анхаарууллаа.