Хэд хоногийн турш үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдсэн нь олон жилийн дундаж түвшинг давжээ.
Түүнчлэн Хойттамир гол, Орхоны гол Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин сумдаар урсаж буй эхэн хэсэгтээ голын ус үерийн түвшнээс 5-25 см даваад байна. Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдэж, Байдраг, Онги голын эхээр ус үерийн түвшинг 10-20 см давсан хэмээн Ус,цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектор мэдээллээ.