Албан томилолт, аялал зугаалгаар Дархан-Уул, Орхон, Төв аймгийг зорих гэж байгаа бол түр азнаарай. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатараас Орхон аймаг хүрэх зам зарим хэсэгтээ усанд автсан талаар иргэд цахим сүлжээгээр дамжуулан мэдээлж байна. Энэ талаар тодруулахаар Орхон аймгийн Хэвлэл мэдээллийн хэвлэлийн төлөөлөгч н.Цэгмидтэй холбогдоход “Орхон аймгийн Жаргалан суманд зам үерийн усанд автаагүй байна” гэв.
Төв аймгийн Борнуур суманд байрлах “Дуган Хад” жуулчны баазын ойролцоох зам үерийн усанд автаж, сэтэрсэн гэх иргэдийн мэдээллийн дагуу тус сумын Засаг дарга Ц.Гүенбаатартай холбогдлоо.
-“Дуган хад” жуулчны баазын ойролцоох зам үерийн усанд автаж, зам сэтэрсэн гэх мэдээлэл иргэд өглөө. Байдал ямархуу байгаа вэ?
-Үргэлжлэн орсон борооны улмаас манай сумын зарим газар уулын үер бууж, усжилтын систем эвдэрсэн. Зам зарим хэсэгтээ өвдөг давахуйц өндөр үерийн усанд автсан. Өчигдөр очиход замын зарим хэсэг гэмтсэн байснаас биш бүхэлдээ эвдэрч, зам сэтэрсэн зүйл ажиглагдаагүй. Би яг одоо үерийн усанд автсан газруудаар явж, нөхцөл байдалтай танилцах гэж байна.