Ч.ТУЯА
Нийслэлийн Онцгой байдлын газрынхан баярын өдрүүдэд нийт 76 дуудлагад гарчээ. Үүнээс гал түймрийн 51, эрэн хайх, аврах ажиллагааны 25 дуудлагад явж, 56 хүний алтан амь аварсан байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн X хороо, Баянзүрхийн гүүрний доод талд хоёр согтуу иргэн усанд уналаа гэсэн дуудлагаар Аврах ангийн эрэн хайх, аврах салбарын таван албан хаагч 68 настай Ж болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг усанд унасан байсныг аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн тус ангийн завьтай эргүүлийнхэн Адам, Евагийн хөшөөний орчим Туул голын салаа хэсэгт 21 настай, эрэгтэй усанд живж байсныг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Мөн Туул голд гарамгүй газраар гол гаталж байгаад, усанд живж байсан нэг гэр бүлийнхнийг аварчээ.