Өнгөрсөн долоо хоногт чанга дэглэмтэй шоронгоос оргож, дэлхийг шуугиулсан Мексикийн мафийн босс, “Эль-Чапо” хочит Хоакин Гусманыг Интерполоос хайж эхэллээ. Түүнийг маш аюултай гэмт хэрэгтний жагсаалтанд оруулсан бөгөөд энэ өдрөөс эхлэн Интерполыг гишүүн 190 орон оргодлыг эрэн хайх үйл ажиллагаанд нэгдэж байгаа юм.
Хоакин Гусман нь АНУ-д хууль бусаар хар тамхи нийлүүлдэг “Синалоа” бүлэглэлийн толгойлогч бөгөөд 2014 оны хоёрдугаар сард Мексикийн тэнгисийн явган цэргийн дайчид, Америкийн тусгай албаны хамтарсан ажиллагааны дүнд баривчлагдсан. Гэвч долдугаар сарын 11-нд тэрбээр Мехико мужийн “Альтиплано” шоронгоос оргож чадсан. Шоронгийн газар доогуур 1.5 км урт хонгил барьсан байсан нь түүнийг оргоход хорих газрын ажилтнууд тусалсан гэх сэжгийг төрүүлсэн нь ойлгомжтой. Зарим хэвлэл мэдээллээр Гусман оргохын тулд нийт 50 сая ам.доллар зарцуулсан гэж байгаа юм. Ямар ч гэсэн одоогийн байдлаар хорих газрын 22 ажилтан мафийн боссыг оргоход тусалсан хэргээр баривчлагдаад байгаа. Тэрбээр 2001 онд мөн шоронгоос оргож, Интерполоор эрэн сурвалжлагдаж байлаа. Мексикийн Засгийн газраас гэмт хэрэгтнийг барихад тус болсон мэдээлэл өгсөн хүнийг дөрвөн сая ам.доллараар шагнахаар зарлаад байгаа билээ.
М.Сугараа