Ч.Туяа
Баяр наадмын өдрүүдэд улсын хилийн хэсгээр хээрийн болон ойн түймэр гарчээ. Тухайлбал, Дорнод аймаг буюу Хилийн0306 ангийн хариуцсан хэсэг буюу улсын хилээс 2.4 км газарт энэ сарын 10-нд аянга буусны улмаас 13 км өргөн, 16 км урт нийт 20.800 га талбайг хамарсан тал хээрийн түймэр гарсан байна. Тус ангиас гурван бүлгийн 15 хүн, орон нутгийн иргэдийн тусламжтайгаар 22.50 цагт түймрийг бүрэн унтрааж, цурманд оруулжээ. Мөн наадмын өмнөх өдөр Зэлтэрийн заставын чиглэлд гарсан ой хээрийн түймэр цурамнаас гарч, дахин асч, улсын хилд 20 м тулж, 200 га талбай шатаажээ. Улсын хил орчимд гарсан түймэр үүгээр дууссангүй, уржигдар Дорнод аймгийн хилийн хэсгээр буюу хилээс 23 км орчимд Хоёр мэлхийт нэртэй газарт хээрийн түймэр гарсныг хилийн анги болон заставаас хоёр бүлгийн 19 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр өчигдөр өглөө унтраажээ. Уг түймэр улсын хилээс 1-3 км зайтай асаж байсан аж.