Ч.Туяа
Баяр наадмын өмнө буюу энэ сарын 9-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал захирамж гарган, Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорихоор болж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу аваачсан. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй, эх сурвалж нь тодорхой байхад сэтгүүлчийг баривчлан хорьсныг эсэргүүцсэн сэтгүүлчид “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ. Тус хөдөлгөөнийхөн өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан ахмад сэтгүүлчид болон “Глоб интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч М.Зулькафиль, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг зэрэг олонд танигдсан нэр бүхий хүмүүс оролцов. Тэдний ярьсныг хүргэе.
Х.Наранжаргал: Шүүгч захирамжаа эргэн харж, цагаатгана гэдэгт найдаж байна
-Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсныг манай байгууллага зүй бус үйлдэл гэж үзэж байна. Монгол Улс ардчиллын замыг сонгоод 25 жил болжээ. Ардчиллын үнэт зүйлийн нэг нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үүн дотроо хэвлэлийн эрх чөлөө байдаг. Сэтгүүлчдийг барьж хорих, цагдан хянах нь мэргэжлийн эрхийг нь ноцтой зөрчиж буй үйлдэл. Монгол Улс 1974 онд Иргэний болон Улс төрийн эрхийн Олон улсын фактыг соёрхон баталж, хүлээн зөвшөөрсөн. Үүний 19 дүгээр зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. 2011 онд энэ фактын хэрэгжилтийн тухай Монгол Улсын Засгийн газрын тайланг НҮБ-ын Хүний эрхийн хороо хэлэлцээд нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасахыг зөвлөсөн. Энэ зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Шүүх, цагдаа, хүчний байгууллагаас сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг зөрчих, ялангуяа сэтгүүлчийг айлган сүрдүүлэх тохиолдол олон гарч байгаад харамсаж байна. Сэтгүүлчид харин мэргэжил нэгт нөхрөө хамгаалж, энэ хөдөлгөөнийг зохион байгуулж байгааг дэмжиж байгаа. Сэтгүүлч С.Баттулгыг өмнө нь шинэ жил, сая баяр наадмын өмнө буюу олны анхаарал өөр зүйлд хандсан үед хорих шийдвэр гаргасныг санаатай үйлдэл гэж хардахад хүргэж байна. Сэтгүүлчийн ажил мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх үйл явц. Энэ ажлаа хийснийх нь төлөө С.Баттулгын хорилоо. Бүр эх сурвалж нь тодорхой байхад харгалзан үзэхгүй байгааг хууль бус үйлдэл гэж бодож байна. Нэг сэтгүүлчийг цагдан хорьсноороо бусдыг нь айлган сүрдүүлж буй хэлбэр. Тиймээс шүүгч захирамжаа эргэн харж, сэтгүүлчийг цагаатгана гэдэгт итгэж байна.
М.Зулькафиль: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа аваасай
-Би олон жил багшлахдаа цөөнгүй сэтгүүлч бэлтгэн гаргасан. Тэд маань Монголын өнөөгийн сэтгүүл зүйг авч явна. Цагдан хорих үндэслэл бага байгаа энэ нөхцөлд С.Баттулгыг удаан хугацаагаар баривчилсанд гүнээ харамсаж байна. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө ямар байдалтай байгаагийн яруу тод жишээ нь энэ. Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, баривчлах, янз бүрийн шалтгаанаар хууль хяналт, цагдаагийн байгууллагад дуудах, эдийн засгийн болон улс төрийн дарамт ил тодоор үзүүлэх явдал газар авсан нь сүүлийн үед ихээхэн мэдрэгдэх боллоо. Сэтгүүлч, судлаачид бүү хэл, жирийн иргэд үүнд эмзэглэн, энэ талаар ярьж байна. Сэтгүүлчид нэгдэн энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор хөдөлгөөн байгуулсныг би дэмжиж байгаа. Үе үеийн шавь нар, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 4000 гаруй сэтгүүлч, судлаач багш нарыг энэ хөдөлгөөнд нэгдээсэй гэж хүсэж байна. Хамтарч байж тэмцэл үр дүнд хүрдэг. Бид хэдийгээр 25 жилийн дотор хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон болсон боловч энэ байдал улам дордсоор байна. Ганц сэтгүүлчийг хорьсон явдал магадгүй сүртэй асуудал биш байж болох юм. Гэвч үүний цаана Монголд хэвлэлийн эрх чөлөө жилээс жилд боогдож буйн тод жишээ. Ардчиллын тулгуур зарчмын гол багана нь хэвлэлийн эрх чөлөө. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрх чөлөө байдаг. Нийгэм эрүүл байвал чөлөөт хэвлэл хөгжиж буйн илрэл. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сэтгүүлч хүн. УИХ-д сэтгүүлч мэргэжилтэй 5-6 хүн гишүүн байгаа. Тэд энэ асуудлыг анхааралдаа аваасай. С.Баттулгыг суллахын төлөө өндөр түвшинд тэмцэх хэрэгтэй гэв.
Хурал зохион байгуулсан сэтгүүлчид С.Баттулгын эрх ашгаас илүүтэй Монголын сэтгүүл зүйн эрх ашгийг хөндөж байгаа учраас тууштай тэмцлийн хэлбэрт шилжсэнээ энэ үеэр зарласан юм. Үүний дараа тэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой уулзахаар явав. С.Баттулгыг хорих шийдвэр гаргасан шүүх хурлын бичлэгийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгч, үүнийг нь олон нийтэд түгээх хүсэлт тавьсан. С.Баттулга сэтгүүлчийг суллахгүй бол сэтгүүлчид ажлаа хаяж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн гадаа тайван жагсаал хийхээр төлөвлөсөн юм.