“Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбогдсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өчигдөр хүлээн авч хянаж эхэлжээ.
Энэ талаар тус шүүхийн эх сурвалжаас лавлахад “Л.Гансүх нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн манай шүүхэд шилжүүлсэн нь өчигдөр ирлээ.
Хэн гэдэг шүүгчид хуваарилагдаж, хянагдахыг хараахан товлоогүй байна” гэсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 10 хүнийг “Нүүрс” хөтөлбөр нэрээр мөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа, Л.Гансүх нарын гурван хүнийг төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутай байж болзошгүй хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэх болсон юм.
Өдгөө шүүх Л.Гансүх, MGL SBD компанийн захирал, Л.Гансүхийн туслах байсан Н.Даваахүү болон Л.Гансүхийн эхнэрийн дүүгийн хүүхэд, MGL SBD компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хянаж эхэлсэн байна.
Г.РАВЖАА