Хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль, цэцэрлэгийн засвар дуусаагүй тохиолдол нэг бус удаа гарсан. Тэгвэл энэ жил засварын ажил ямар шатандаа яваа, хэзээ дуусах талаар нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодрууллаа.
-Сургууль, цэцэрлэгийн засвар хэзээ дуусах вэ. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгаж чадах уу?
-33 сургууль, цэцэрлэгт засвар хийж байгаа. Энэ жилийн хувьд засвар эрт эхэлсэн. Гурван сургууль, цэцэрлэгийнх дууссан. Засварын ажил дунджаар 40 хувьтай байна. Наймдугаар сарын 15 гэхэд бүх засварыг дуусгахаар компаниудтай гэрээтэй байгуулсан.
-Хэчнээн төгрөгөөр засвар хийж байна вэ?
-Улсын төсвийн 726 сая, нийслэлийн хоёр тэрбум төгрөгөөр засвар хийж байна.
-Засвар нь эхлээгүй сургууль, цэцэрлэг бий юү?
-141, 163 дугаар цэцэрлэгийн засварт шаардлага хангасан тендерийн материал ирээгүй учраас дахин зарласан. Одоо гэрээ хийх шатандаа явж байгаа.
-Энэ жил хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?
-Есдүгээр сарын 1 гэхэд бага сургууль, цэцэрлэгийн дөрвөн цогцолбор, таван цэцэрлэг, гуравдугаар сургууль ашиглалтад орно. Ондоо багтаж бага сургууль, цэцэрлэгийн 14 цогцолбор, долоон цэцэрлэг, 11 дүгээр сургууль, мөн Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад орох юм.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ