Info.mn сайтын ерөнхий эрхлэгч С.Баттулгыг суллахыг шаардсан сэтгүүлчдийн тайван жагсаал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн гадна талбайд болж байна. Энэ сарын 9-нд тус шүүхийн шүүгч С.Батжаргал захирамж гарган, С.Баттулгыг цагдан хорихоор болж, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр анги руу аваачсан. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй, эх сурвалж нь тодорхой байхад сэтгүүлчийг баривчласан нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж байна гэж сэтгүүлчид үзэж буй. Тэд “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, шүүгчийг захирамжаа өөрчлөхийг шаардсан юм. Харин өнөөдрийн жагсаалд МҮОНРТ-ийн дарга асан М.Наранбаатар, ТВ5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа тэргүүтэй сэтгүүлчид оролцов. Тэд С.Батжаргал шүүгч болон холбогдох хүмүүстэй уулзаж, шаардлагын хариуг өгөхийг хүслээ.