Монголчууд эр бяраараа, оюун ухаанаараа, авьяас билгээрээ дэлхийд алдраа мандуулсаар байна. Харин тун удахгүй монгол охид, хөвгүүд эзэмшиж буй мэргэжлийнхээ ур чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ дэлхийн олимпод оролцохоор эх орноосоо мордоно.
Бразилийн Сан Паулу хотноо ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд манайхан цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах, токарь, гагнуур, мужаан, үсчин, гоо засал, тогооч гэсэн есөн мэргэжлээр өрсөлдөх юм. Ур чадварын олимп гэгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцох гэж буй Монголын багийнхны нээлт, хаалтын ажиллагаанд өмсөх ёслолын хувцсыг “Говь” компанийнхан урласнаа өчигдөр тэдэнд гардуулж өглөө.
“Мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөх гэж буй хүүхдүүд болон тэднийг дасгалжуулж буй багш нарт манай компанийн зүгээс “Wool Garmont” нэртэй шинэ технологиор хийгдсэн шинэлэг загварын цамцаа бэлэглэж байна. Ингээд компанийнхаа 1300 гаруй ажилтны өмнөөс та бүхэндээ амжилт хүсэж, Монголынхоо нэрийг гаргаарай гэж хүсье” хэмээн “Говь” компанийн үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрийн захирал Н.Нарангэрэл ярилаа. Дэлхийд монгол мэргэжилтний ур чадварыг харуулах томоохон зорилго өвөрлөн бэлтгэлээ базааж буй хүүхдүүд, багш нарт багийнх нь хувцсыг гардуулах үеэр Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг сэтгэл зүйн бэлтгэл хамгийн чухал гэдгийг аминчлан захив.
Наймдугаар сарын 5-нд алс холын Бразилийг зорих хүүхдүүд бэлтгэлээ эх орондоо базааснаас гадна олон улсын донор байгууллагуудын дэмжлэгээр Солонгос, Тайваньд мөн өндөр технологи, дэвшилт техникээр туршлага судалжээ.
“Хүн рүүгээ чиглэсэн, хүнээ хөгжүүлэх Монгол төрийн оновчтой бодлогын нэг илрэл нь энэ том тэмцээнд багаа явуулах болсон явдал юм. Зах зээлийн шуурганд олон үйлдвэр хаалгаа барьсны улмаас нарийн мэргэжилтэй өчнөөн хүн хийх ажилгүй болж байсан. Харин одоо эргээд мэргэжилтэй ажилчин олноор бэлтгэх бодлого баримталж, энэ чиглэлээр төрөөс багагүй дэмжлэг үзүүлсний үр дүнд МСҮТ, Политехникийн коллежийг сонгон суралцах хүүхдийн тоо нэмэгдэж байна.
Хамгийн гол нь мэргэжлийнхээ дээд шалгуур болох олон улсын нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт гаргах боломжтой гэдгийг хүүхдүүдэд бодитоор харуулж байгаа нь сайхан. Манай хүүхдүүдийн бэлтгэл 90 орчим хувьтай байгаа. Тэднээс минь ямар ч байсан “юм дуулгана” гэж итгэж байгаа” хэмээн мужааны мэргэжлийн эксперт багшаар явах гэж буй Ц.Цогоо гуай хэлсэн.