Ирэх хичээлийн жилд зориулан ерөнхий боловсролын сургуулийн 165 төрлийн 1.164.848 ширхэг сурах бичиг шинээр болон нөхөн хангалтаар хэвлэх гэнэ.
Тодруулбал, суурь боловсролын сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор VI-IX ангийн 77 төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, мөн I-XII ангийн 88 нэрийн сурах бичиг, багшийн номыг нөхөн хангалтаар дахин хэвлэж байна. Мөн I-IV ангийн казах хэл рүү орчуулсан 25 төрлийн сурах бичгээс 19.604-ийг хэвлэн, Баян-Өлгий, Ховд аймагт олгохоор төлөвлөжээ.
Одоогийн байдлаар нөхөн хангалтаар хэвлэсэн I-V, XII ангийн сурах бичгүүдийг нийлүүлээд байгаа гэнэ. VI-IX ангийн шинээр зохиосон сурах бичгийг ирэх наймдугаар сарын 15 гэхэд хэвлэлийн компаниуд дүүрэг, аймгийн Боловсрол, соёлын газарт хүргүүлэх аж.
БСШУЯ-наас эрх авсан хэвлэлийн компаниуд дунд, ахлах ангийн сурах бичгийг номын худалдаагаар борлуулна. Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байх юм байна.
Э.ЦЭЦЭГ