Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн хөндий хүртэл 3.8 км замыг сайжруулсан шороон зам болгон засаж дууслаа. Нийт 65 сая төгрөгийн өртгөөр засаж буй замын ажил өнгөрөгч сарын 20-нд эхэлсэн юм.
Иргэдийн бүлгийн санаачилгаар дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын “Шинэ тосгон” ТББ хамтран тавьсан замын нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, “Шинэ тосгон” холбооны тэргүүн К.Марина болон Солонгосын зочид төлөөлөгчид, иргэдийн бүлгийн гишүүд, тосгоны иргэдийн төлөөлөл оролцсон юм.
“Сайжруулсан замыг засахад тосгоны 160 гаруй иргэн, 30 аж ахуйн нэгж болон дүүргийн Засаг даргын Тамгын газар туслалцаа үзүүлж, гар бие оролцсон” хэмээн 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Иргэдийн хандив, дэмжлэг туслалцаатайгаар 3,8 километр замыг сайжруулан засах уг ажил иргэдийн дүүргийнхээ 50 жилийн ойдоо барьж байгаа бэлэг аж.