Яармаг, Нисэхийн замыг цэцэрлэгжүүлэх ажлын хэсэг хуралдаж, тус замын зүлэгжүүлэлтийн ажлын явц, үр дүнг гүйцэтгэгч компаниудын удирдлагуудын хамт хэлэлцэв. Авто замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил өнгөрсөн зургадугаар сарын 1-нд эхэлсэн. Нийт 7.2 км урт, долоон метр өргөн зурвасыг зүлэгжүүлэхээс дөрвөн км-ийг нь гүйцэтгээд байгаа аж. Үлдсэн 3.2 км тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2016 оны нийслэлийн төсвөөс гаргахаар гэрээ байгуулж, ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлэхээр ярилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2015 онд багтаан Яармаг, Нисэхийн зам дагуух газрыг бүрэн зүлэгжүүлэх, 2016 оны дөрөвдүгээр сараас гоёл чимэглэлийн мод, сөөг тарих, зургадугаар сараас цэцэгжүүлэхээр төлөвлөжээ.