Сүүлийн хэд хоног ихэнх нутгаар бороо орж, гандуу байсан байгаль дэлхий сэргэж эхэлсэн. Гэвч хүчтэй, ширүүн борооны улмаас зарим газар үерт автжээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгадад энэ сарын 16-нд 15.00 цагийн орчимд түр зуурын усархаг бороо орсны улмаас Гурвансайхан уулнаас ус бууж, үерийн далан сэтэлсэн байна. Үүнээс болж тус сумын Ногоочид, Зүүнсайхан, Баруунсайхан, Жаргалант, Оюут хорооллын айл өрх, албан байгууллага усанд автжээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Баярсайханаас тодруулахад “10 гаруй минут үргэлжилсэн усархаг борооны улмаас гэр хорооллын айл өрх болон эмч, багш нарын байрны хонгил усанд автсан. Онцгой байдлын алба хаагчид тус байрны хонгилын усыг хоёр өдөр соруулж, аюулгүй болголоо. Үерийн улмаас орон гэргүй болсон айл байхгүй.
Харин гэр хорооллын жорлонгийн бохир хальсан. Аймгийн Онцгой комисс хуралдан, халдварт өвчин дэгдэх, гамшгаас сэргийлэх арга хэмжээ авлаа. Үерийн даланг хааж, зөвшөөрөлгүй барьсан гэрийг өнөөдөр (өчигдөр) буулгасан” гэв.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр үерийн даланг хааж, 300 сая төгрөгөөр барьсан Ахуйн үйлчилгээний төвөөс болж, Дундсайхан, Оюут хорооллын айл өрх, аж ахуйн нэгжийн барилга байшин усанд автан, их хэмжээний хохирол амссан гэнэ.
Тус төвд лангуу түрээсэлдэг 40 орчим хүн олон сая төгрөгийн бараагаа усанд автуулжээ. Мөн үер ийн улмаас шавар шалбааг ихсэн, халтиргаа гулгаа үүссэнээс зам тээврийн 10 гаруй осол гарсан аж.
ИРГЭД ӨӨРСДӨӨ СУВАГ, ШУУДУУ УХАН, ҮЕР УСНААС СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ
Харин нийслэлд уржигдар орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн XX хорооны үерийн далан болон 22-ын товчооны хойд талын нүхэн гарцны хажуугийн далан сэтэрч, цөөнгүй айл усанд автсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах, улсын хяналтын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Батбаяраас нөхцөл байдлын талаар тодруулахад “VII хорооны нутагт гэр хорооллын 4-5 айл усанд автсан.
Бид сая (16.00 цаг) усыг нь соруулж дууслаа. Мөн Орбитын тэнд айл усанд автсан дуудлага ирээд байна. Гэрт нь ус ороод ирэхээр л онцгойгийнхныг дууддаг. Үер уснаас сэрэмжл үүлж байгаа энэ үед иргэд өөрсдөө суваг, шуудуу ухах, гэрээ өндөрлөг газар барих зэрэг сэргийлэх ажил хийхгүй байна.
Манай дүүргийн нутаг дэвсгэрт гэхэд л үерийн аман дээр буусан 940 айл бий. Нийт 32 хороо байдгаас 22 нь бүхэлдээ гэр хороолол. Усанд автсан айлуудын ихэнх нь харьяаллын бус, хөдөөнөөс нүүж ирсэн хүмүүс.
I хорооллын үерийн ус зайлуулах хоолойд тээглэсэн хог хаягдлыг ТҮК-ийн ажилчдын тусламжтай гарган, хэвийн ажиллагаанд оруулсан” гэв.
Ч.ТУЯА