Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнгөрөгч баасан гаригт мэдээлэл хийлээ.
Тус тайлангийн хугацаанд Байнгын хороо нийт 61 цаг 46 минут хуралдахдаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг гурван өдөр дараалан хийж, зарим өдөр 11 цаг 37 минут тасралтгүй ярилцсан гэж Байнгын хорооны дарга онцолсон.
Тус Байнгын хороо бие даасан зургаа, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 19, хүчингүй болсонд тооцуулах тухай долоон хууль хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Байнгын хорооны дарга Д.Ганбат эдгээрээс бие даасан зургаан хуулийн талаар товч танилцуулсан юм.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хууль: -Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуулийн зохицуулалтад орж, нэгдсэн стандарт, жишигтэй болно. Ийм хуультай болсноор Монгол Улс Азидаа Захиргааны ерөнхий хуультай хоёр дахь орон болж буй.
Шүүх байгуулах тухай хууль: -Уг нь ийм нэртэй хуулийг 2012 онд баталж байв. Гэвч тэрхүү хууль нь Үндсэн хууль зөрчсөнийг Цэцээс тогтоож, энэ сарын 1-нээс хүчингүй болсонтой холбогдуулан шүүх байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс дээрх хуулийг шинэчлэн баталсан нь энэ.
Хууль тогтоомжийн тухай хууль: -“Хууль санаачлагчаас хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн шийдвэрлэх үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, дээрх ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хэрэгжилтэд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан” гэв.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль: -Энэ талаарх мэдлэг олгох үйл ажиллагааг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулахаар хуульчилжээ.
Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 0.5-2 жил хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтвал 30 хоног баривчилж, жолооны эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ жолоо баривал 768 мянган төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулах аж. Хуулийг ирэх есдүгээр сарын 1-ээс мөрдөнө.
Явган зорчигч гарцгүй газраар гарсан бол хамгийн багадаа 9600 төгрөгөөр торгуулахаар болжээ.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль: -Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэх үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэн, хуулийн этгээд хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр олж авах эрх нээгдэж буй.
Үүнээс гадна барьцаалж буй хөдлөх хөрөнгийн барьцааны цахим бүртгэлийн эрх зүйн зохицуулалт бий болж, барьцаалагч, барьцаалуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах юм. Хөдлөх эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн урсгал ил болох ач холбогдолтой гэж Байнгын хорооны дарга тайлбарласан.
Галын аюулгүй байдлын тухай хууль: -Алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаа тул сум бүрт гал түймэр унтраах сайн дурын нэгж, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар хуульчлав.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Д.Ганбаттай цөөн хором ярилцлаа.
-Ирэх чуулганы эхэнд танай Байнгын хороо ямар хуулийн төсөл хэлэлцэх вэ?
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг нэн тэрг үүнд хэлэлцэнэ. Эдгээр төслийн хэлэлцүүлгийг дуусгаж, үндсэндээ батлахад бэлэн болгосон. Мөн Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн тухай хуулийн төслийг дахин нягтлахыг УИХ-ын даргаас чиглэл болгосон.
-Тэгвэл алх цохих л үлдсэн бололтой. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн төслийн хүрээнд санал зөрөлдөж байсан болон анхаарал татаж буй зүйл, заалт хэрхэн туссан бол. Заримыг нь онцлохгүй юу?
-УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн саналыг авч, хэд хэдэн заалтыг өөрчилсөн. Тухайлбал, хуулийн этгээдийг торгох болон эрүүгийн хэрэг үүсгэх заалтыг өөрчилсөн. Ер нь эрүүгийн хэрэг үүсгэх 40 орчим заалт байсныг 20 гаруй болгож багасгасан.
Ардын намын бүлгээс торгуулийн хэмжээ өндөр байна гэсний дагуу мөнгөн торгуулийн хэмжээг багасгасан. Мөн төрөөс хөрөнгө мөнгө завшсан хүмүүст ногдуулах ялыг нэмэгд үүлсэн.
Эрүүгийн хуульд гүтгэх зүйл, заалт оруулж, гэмт хэрэг үүсгэн, яллах нь гэж шүүмжилж байсныг Зөрчлийн хуулийн төсөлд оруулсан.
Ерөнхийдөө бүхий л санал, шүүмжлэлийг тусгасан. Бусад улс орны жишгийг дагасан. 2002 оны хуульд 10 гаруй удаа өөрчлөлт оруулаад байна. Тэр үеийн нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулбал өөрчлөгдсөн.
Хохирлоо барагдуулсан бол ялыг нь зохих хэмжээгээр хөнгөлөхөөр болсон. Мөн 10 мянган төгрөг хулгайлчихаад тэр нь давтан үйлдэл бол 10-20 жилийн ял оноодог байсан нь ч өөрчлөгдөнө.
-Өнгөрөгч чуулганы төгсгөлд танай Байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслүүдтэй холбоотойгоор нэлээд эсэргүүцэл зарласан. Таныг ирц дутуу байхад хуралдаан зохион байгууллаа, мэргэжлийн бус гэж ч шүүмжилсэн.
-УИХ-ын бүх гишүүн хууль тогтоогч. Хуулийн төсөл хэлэлцэхдээ маш нарийн дэг баримталдаг. Эрүүгийн хуулиар гэхэд л бид Оросоос маш их хоцорч байна. Бид дэлхийн жишигт нийцсэн хуультай болохыг л зорьж буй.
Ц.Нямдорж гишүүн Хууль зүйн сайд байхдаа 2002 оны Эрүүгийн хуулийг өлгийдөж авсны хувьд тэр нь төрсөн хүүхэд л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр төрсөн хүүхдээ сайн ч, муу ч хайрлах нь аргагүй. Гэтэл тодорхой цаг хугацаа өнгөрчихөж.
Нийгэм өөр хууль шаардаж байна. Тэд аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэдэг боллоо гэж шүүмжилж байгаа. Ингэх нь өнөөгийн нөхцөлд хамгийн зөв зүйл юм. Яг үүнээс болж Ерөнхийлөгч маань хүртэл эвгүй байдалд орсон шүү дээ.
Аж ахуйн нэгжийг нь торгох бус, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийг нь барьж хориод байгаа нь буруу юм. Хууль зүйн байнгын хороо байнгын ажиллагаатай парламентын түүхэнд байгаагүйгээр буюу завсарлагагүй бүтэн 12 цаг эл төслийг хэлэлцэж байсан.
Тэдгээр гишүүн асуудал бүрт байр сууриа илэрхийлж байсан. Тэр нь олонхийн санал аваагүй учраас тэгж эсэргүүцээд байгаа юм. Гэхдээ л ажлаа хийх ёстой биз дээ. Хэлэлцэж буй асуудалтай гишүүд санал нийлэхгүй байж болно.
Тэд горимын санал гаргаснаараа цөөнх болж байгаа юм. Манай гишүүд Байнгын хорооноосоо гараагүй. Тэд чинь улстөрчид шүү дээ. Улс төр л хийж байгаа хэрэг. Тэдэнтэй ойлголцох байх. Энэ бол асуудал биш.
Би МУИС-ийн хуулийн анги төгссөн. Тэгэхээр би хуульч биш үү. Хурал эхлэх үеийн ирцээр хуралдаан цааш үргэлжилдэг. Хурал хаяж гараад байвал улс орны ажил урагшлахгүй шүү дээ.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ямар нэг судалгаа, тооцоо хийсэн үү. Нийт эдийн засгийн хэчнээн хувь нь далд байгааг та хэлж чадах уу?
-20-30 хувь нь далд байна гэсэн судалгаа бий. Энэ хуулийг баталснаар далд байгаа мөнгийг ил болгоно гэж тооцож байгаа.