“Амар тайван амьдралын төлөө” энхийн манаанд зогсож, өдөр, шөнийг ялгалгүй үүргээ биелүүлдэг цагдаагийн алба хаагчдын баяр өнгөрсөн бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.
2012 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 19- нд Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон билээ.
Гэвч цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн баяраас хойш ёслолын жагсаал хийж тэмдэглээгүй дөрвөн жилийг үдсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын даргаар Р.Чингис томилогдсоныхоо дараа алба хаагчдынхаа сэтгэл зүйг өөд татах арга хэмжээ хэрэгтэй гэдгийг мэдэрч энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тушаал гаргаснаар хэдэн жил тасраад байсан энэ баярыг ёслол төгөлдөр зохион байгуулсан.
Энэ жилийн Цагдаагийн баярын ёслолын жагсаал, хүндэтгэлийн үйл ажиллагааг ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нээж, нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэснээр ёслолын үйл ажиллагаа эхэлсэн юм.
ЦЕГ-ын дарга Р.Чингис “Цагдаагийн байгууллагын түүх Монгол Улсын тусгаар тогтнолын түүхтэй салшгүй холбоотой. Ийм учраас цагдаагийн алба хаагчдын төдийгүй нийт ард иргэдийн баярын өдөр.
Манай нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамран олон нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар хүлээсэн үүргээ чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар биелүүлж байгаа билээ.
Цагдаагийн алба хаагч нар бүхий л баяраар ажилладаг. Бид өнөөдөр энд баярлаж байхад ч жижүүрийн үүрэг хүлээсэн алба хаагчид ажлаа хийж л яваа. Энэ өдрийг тохиолдуулан хөдөө орон нутагт ажиллаж байгаа болон чөлөөнд гарсан ахмадууд, нийт бие бүрэлдэхүүндээ 94 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэв.
Мөн энэ өдөр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг цагдаагийн цол, төрийн одон медалиар шагнасан. Нийт 156 алба хаагчийг цагдаагийн цолоор шагнасны дотор 10 алба хаагч офицерийн бүрэлдэхүүнд орж, цол, мөрдэсээ гардан авлаа.
Тухайлбал, Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Мөнхбат, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Д.Очгэрэл нарт цагдаагийн хурандаа цол олгосон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор МБГ-ын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөн байцаагч, дэд хурандаа Л.Лхагвадорж, Цэргийн хүндэт медалиар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Ж.Эрдэнэболд нарын хүмүүс шагнуулсан юм.
Мөн “Цагдаагийн алдар” тэмдгээр Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Н.Дамдинсүрэн нарын 18, Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 14, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 15 алба хаагч энгэрээ мялаалаа.
Х.АЗЖАРГАЛ