М.СУГАР-ЭРДЭНЭ
Сүүлийн үед Монгол Улс Японы сонирхлыг ихэд татах боллоо. Жирийн япончуудын хувьд энэ орон мэргэжлийн сүмогийн гурван ёкозүнагийн төрсөн нутаг төдий бол Японы гадаад бодлогын хувьд маш их анхаарал татсан орон болж хувираад байна.
Юуны өмнө Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдэхэд монголчууд зуучлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж байгаа билээ. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг түүхийн цаг бичээстэй цуг сөхөн үзсү.
ИХ ГҮРНҮҮДИЙН ЗАВСАРТ
Япон, Монголын харилцаанд гэнэтийн гэмээр зүйл дандаа тохиолдсон байдаг. XIII зууны үед Японыг эзлэх гэж оролдсон Чингис хааны ач хүүгийн асар том санаархал азаар үүссэн “Бурхны салхи”-ны ачаар тасалдаж байсан түүхтэй.
Тийм болохоор Японы дипломат бодлогод монголчуудын эзэлж буй үүрэг, ач холбогдлыг дахин нэг харж, үнэлж үзмээр санагдлаа. Гэхдээ үүний тулд Японы хувьд Монгол ямар утга учиртай вэ гэж биш, харин Монголын хувьд Япон хэн бэ гэсэн талаас нь судалж үзвэл илүү амар гэж бодлоо.
Аюулгүй байдлаа хангах нь дэлхийн ямар ч орны хувьд амьд явах ганц арга. Монгол ч гэсэн адилхан. Асар том хоёр гүрний дунд орших, гуравхан сая хүнтэй жижигхэн улс аюулгүй байдлаа яаж хамгаалж чадах вэ? Монголын түүхийн сүүлийн зуун жилийн түүхийг харваас том хөршүүдийнхээ хүч чадлыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлж чадах нь амьд үлдэх цорын ганц арга гэдэг нь харагдана.
Дэлхийн II дайны үеэр Монголын газар нутгийн ойролцоо эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байсан Япон орон одоо Монголын хувьд хэн юм бол?
БНУ БАЙГУУЛАХ СААДТАЙ ЗАМ
Бурхан шашны тэргүүн Богд ламаар удирдуулсан Монгол орон 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манж Чин улсаас тусгаар тогтнолоо зарлахдаа Хаант Орос улсын шунал, санаархлыг ашигласан байдаг.
1912 онд байгуулсан Орос-Монголын гэрээ ёсоор Орос улс Богд гэгээний Засгийн газрыг дэмжиж, хариуд нь Монголын нутаг дээр худалдаа, аж үйлдвэрлэл эрхлэх давуу эрх авч байжээ.
1917 оны Октябрийн хувьсгалын дараа Монгол орныг Хятадын гамин цэрэг, Зөвлөлт засгаас зугтсан Цагаан армийн цэргүүд эзэлсэн байлаа.
1921 онд Монголын цэрэг Зөвлөлтийн Улаан армийн тусламжтайгаар тэднийг бут цохиж, хязгаарлагдмал эрхт хаант засагт Монгол Улсыг байгуулсан.
1924 онд Богд гэгээн таалал төгсөхөд улс орноо БНМАУ хэмээн нэрлэсэн юм. Монгол 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн юм.
АР, ӨВӨР МОНГОЛЫГ НЭГТГЭХ ГЭСЭН БҮТЭЛГҮЙ ОРОЛДЛОГО
Том гүрнүүдтэй хамтран ажиллаж, тусгаар тогтнолоо баталгаажуулах гэсэн Монголын оролдлого тэр бүр амжилт олоогүй.
1907 оны Орос-Японы Зүүн Ази дахь нөлөөллийн бүсээ хуваах гэрээ ёсоор оросууд Өвөр Монголыг Японы нөлөөний бүс хэмээн хүлээн зөвшөөрч, хариуд нь Ар Монголд эдийн засгийн бүсээ тогтоох наймаа хийсэн байв.
Япон, Хятадтай харилцаагаа муутгахгүйн тулд Оросын Засгийн газар ар, өвөр Монголыг нэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүй, Монголын Засгийн газрыг ч энэ талаар чимээгүй байхыг шаардаж байлаа. ЗХУ ч гэсэн энэ бодлогыг үргэлжлүүлэн авч явсан.
Үүний үр дүнд МАХН-ын удирдлагын үед олон тооны хүн улс төрийн хэлмэгдлийн золиос болон амь насаа алдсан юм. Тэдний ихэнхийг Японы тагнуул хэмээн хороож байв.
Харин Хятадын эрхшээлд үлдсэн өвөрмонголчууд Японы эзлэн түрэмгийлэх санаархлыг ашиглан, Хятадын савраас гарах гэж оролдсон.
Өвөрмонголын Шударга баатар хэмээх Бавуужав үүний тод жишээ. Богд хааны Засгийн газарт цэргийн дарга байсан тэрбээр 1915 онд Хиагтын хэлэлцээрийн дараа хоёр Монгол хэзээ ч нэгдэхгүй болсныг ойлгон, япончуудтай хамтран ажиллаж эхэлсэн байдаг.
1931 оны Манжуурын будлианы үеэр Өвөрмонголын зарим удирдагч Квантуны армийн дэмжлэгээр бослого гарган, хятадуудтай байлдаж эхэлсэн байдаг. Энэ нь Японы нэр хүндийг ашиглан тусгаар тогтнолоо олох гэсэн зорилготой бослого байв.
Манж-го улсын бүрэлдэхүүнд монголчуудын автономит нутаг хэмээн Синъань мужийг байгуулж, Дэ ван Дэмчигдонров Мэнцзянь нэртэй улс байгуулсан ч ямар ч эрх мэдэлгүй, зүгээр л тоглоомын улс байлаа.
Тийм болохоор Япон дэлхийн дайнд ялагдахтай зэрэгцэн, бүгд газрын хөрснөөс алга болсон юм. Дайны дараа өвөрмонголчууд Ар Монголтой нийлэх гэж хэсэг бүтэлгүй оролдсоны эцэст ямар ч гэсэн Хятадын бүрэлдэх үүнд автономит эрхт тойрог байгуулж чадсан.
Их гүрнүүдийг ашиглан, тусгаар тогтнолоо хамгаалах гэж оролдоод амжилт олоогүй түүх бий ч ямар ч гэсэн одоо эрх чөлөөт Монгол Улс байгаа нь түүхэн бодит үнэн билээ.
Тийм болохоор монголчууд 1911 оноос хойших орчин үеийн түүхийн бүх үйл явдлаа тусгаар тогтнолтой холбон тайлбарладаг.
Ардчилсан нийгэмд шилжсэн даруйдаа Сталины хөшөөг буулгаж байсан монголчууд харин 1930-1940 онд олон тооны хүнийг хядсан маршал Х.Чойбалсангийн хөшөөг байлгасаар л байна.
Учир нь тэр тусгаар тогтнолоо хамгаалж үлдэхэд их гавьяа байгуулсан хүн билээ. Нүүдэлчин монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг юунаас ч эрхэм зүйл болохоор тэр.
ЯПОН, МОНГОЛЫН ШИНЭ ХАРИЛЦАА
Орос, Хятад гэсэн хоёр том орны дунд хавчуулагдсан бяцхан орон Монголын геополитикийн байдал одоо ч өөрчлөгдөөгүй. Тэд хөрш хоёр оронтойгоо найрсаг дотно харилцахын зэрэгцээ, аюулгүй байдлаа хангахын тулд “Гуравдагч хөрш” гэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.
Монголын хамгийн том гуравдагч хөрш нь АНУ, Япон улс юм. Монголын ШУА-ийн нэгэн ахмад эрдэмтэн надад “Манай орон цэрэг дайны аюулгүй байдлаа Америкаар, эдийн засгийн аюулгүй байдлаа Японоор хангуулж баймаар байна” гэж ярьж билээ.
Гэхдээ Америк ч, Япон ч Монголд газар нутгийн сонирхол байхгүй, тийм үе ч өнгөрсөн. Тэгэхээр тэдний сонирхлыг өөртөө татахын тулд, ямар нэг юм хэрэгтэй болох нь мэдээж. Намайг Монголд байхад нэгэн эрдэмтэн “Бид оросуудтай олон жил нөхөрлөж байна.
Тэднийг сайн мэднэ. Хэрэв Япон улс Оростой ямар нэг яриа хэлэлцээ хийх хэрэг гарвал бид тусалж чадна” гэж ярьж байж билээ. Тусгаар тогтнол, эрх чөлөөг хүсэх монголчуудыг Японд хэрхэн үнэлж ирсэн үнэлэмж, утга учир түүхэнд үргэлж зөрчилдөж ирсэн мэт санагдана.
Япон орон урьд өмнө Монголын тусгаар тогтнолыг ОХУ-ын тактик бодлого, хорон санаа мэт л үзэж, монголчуудыг тусгаар улс байх чадал, мэдлэгтэй орон гэдгийг боддоггүй, мэддэггүй байлаа.
Тийм болохоор Япон Монголыг өөрийн ашиг сонирхлоо хангах газар мэт л үзэж ирсэн юм. Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн гэрээнд зуучлагч, байгалийн баялаг, ашигт малтмал нийлүүлэгч гэх мэт үздэг Монголтой хандахдаа өөрийгөө бодсон амин хувиа хичээсэн зангаасаа татгалзах цаг болжээ.
Япон оронд үндэсний бөхийнх нь үнэн хүчит аварга, арсланг бэлтгэж өгөөд, харь орны үндэсний хувцас кимоно өмсөөд явж байхад нь ч баатар мэт хүндлэн, шагшин магтдаг ийм орон дэлхийд өөр байхгүй шүү.
ОКА ХИРОКИ NIPPON.COM