“Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа өнгөрсөн баасан гаригт танилцууллаа. Энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэгдүгээр улирлын дүнгээс 64.6 хувиар өссөн байна.
Энэ нь тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Тухайлбал, тус компани өнгөрсөн оны эхний хагаст 242.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байсан бол энэ оны эхний хагаст 346.4 тоннд хүрчээ.
Мөн өнгөрсөн улиралд баяжмал дахь зэсийн хэмжээ 64.5, алтны агуулга 178.1 хувиар (өмнөх улирлынхаасаа) өссөн байна. Тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Манай компанийн аюулгүй ажиллагааны түвшин хамгийн сайн үзүүлэлттэй гарсан.
Мөн үйлдвэрлэлийн хэмжээ хангалттай хэмжээнд байгаа. Энэ нь уурхайн баяжмалын агуулга өндөртэй хэсэгт олборлолт хийж байгаатай холбоотой. Үүнээс гадна энэ оны хоёрдугаар улиралд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Энэ нь Оюутолгойн нөөцийн 80 орчим хувь хадгалагдаж буй далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэхийг заасан хөтөч юм” гэв. Харин “Turquoise Hill Resourses” компани “Оюутолгой” компанийг энэ онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэнэ гэж хүлээж байгаа аж.
Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дагуу “Turquoise Hill Resourses” болон “Rio Tinto” компани уг төслийн санхүүжилтийг нарийвчилж, далд уурхайн ТЭЗҮ-д тодотгол хийж байгаа аж.
“Turquoise Hill Resourses” компанийн зүгээс энэ оны эцэст төслийн санхүүжилтийг батлахаар төлөвлөж буй юм.
Н.САНЖАА