Ихэвчлэн хүнд өвчин эмгэг туссан хүүхэд залуус, нийгмийн эмзэг бүлгийнхэн туслах аян, сайн дурын ажил өрнүүлдэг залуучууд энэ удаад сайн дураар нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар болжээ. Монголын залуучуудын холбоо өнгөрөгч сарын “Хүүхдийн сар” болгон зарлаж "Мөрөөдлийн цэцэрлэг" аяныг зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд сургуулийн өмнөх насны 1000 орчим хүүхэд амьдарч байна. Харамсалтай нь тухайн хороонд 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ганцхан цэцэрлэг байдаг тул ачааллыг нь нэмж өдгөө 175 орчим хүүхэд хүмүүжиж байна. Тиймээс дахин цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатай байна. Бидэнд тулгамдаад буй энэхүү асуудлыг шийдвэрлэхэд Монголын залуучуудын холбоо дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна” гэв.
Залуучуудын холбооны санаачлан барихаар төлөвлөж буй цэцэрлэг нь 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 290 м2, хоёр анги, хоёр танхим, гал тогоо, урлагийн заалтай байхаар төлөвлөжээ.
50 хүүхдийн цэцэрлэг барихад 250 орчим сая төгрөгийн шаардлагатай бөгөөд "Голомт" банк санхүүгийн ивээн тэтгэгчээр ажиллахаар болж, аянд сайн дураар оролцож буй залуус цемент, тоосго зэрэг барилгын материалаар туслахаа илэрхийлээд байгаа аж.
Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Бэрхэт толгой" ХХК ажиллаж, есдүгээр сарын 1-нд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.