Халцарсан будагтай хана, дүнсгэр саарал шат, хайрын захиа, зарлалын самбар болон эрээчсэн талбар гээд л метро гэх сүрлэг тодотголтой хотын маань өнгө үзэмжийг гутаадаг хэсгүүд цөөнгүй бий. “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд 16 байршил дахь ийм эрээн цоог болсон, халцарч халтартсан хэсгүүдийг шинэчлэн засах ажил дуусчээ.
Засаад зогсохгүй дээрх 16 цэг дэх ханыг гурван хэмжээст зургаар чимэглэж, гаднын орнуудад байдаг 3D музейн үзмэр шиг байхаар тохижуулжээ. 13 дугаар хорооллын автобусны буудлын зэргэлдээх барилгын дэргэд зогсож буй монгол бүсгүйтэй, талбайн баруун болон зүүн урд байрлах цэцэрлэгүүд дэх амьтадтай хамт зургаа татуулж болох нь ээ.
Уг аян нь хотын өнгө үзэмжийг нэмээд зогсохгүй монгол зураачдынхаа авьяас чадварыг үнэлж, сурталчлах зорилготой хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан мэдээллээ.