Нийтийн тээврийн үйлчилгээ долдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор цахим төлбөрийн системд шилжиж буй. Энэ нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчид бэлэн мөнгө биш картаар төлбөрөө төлдөг болж байгаа гэсэн үг.
Нийтийн тээврийн үйлчилгээний ухаалаг картын автобусны буудал дээр байрлах “Ucart” гэсэн тэмдэглэгээтэй цэгүүдээс 3600 төгрөгөөр худалдан авч болох гэнэ. Картаа нэг удаа 500-90.000 төгрөгөөр цэнэглэх боломжтой. 500-10.000 төгрөгөөр цэнэглүүлэхэд гүйлгээний хураамж 50 төгрөг, 10.000-50.000 төгрөгөөр цэнэглүүлэхэд 100, 50.000-аас дээш төрөгрөөр цэнэглүүлбэл 200 төгрөгийн гүйлгээний хураамж төлнө.
Нэг картаар хоёр хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой бөгөөд хэрэв та карт худалдан авч амжаагүй бол мөнгөний хайрцагт бэлэн мөнгөө хийж зорчих боломжтой. Энэ үеэр кондукторууд зөвхөн хянагчийн үүрэг гүйцэтгэн ажиллах тул картгүй яваа зорчигчдод хариулт мөнгө өгөх боломжгүй аж.
Нийтийн тээврийн үйлчилгээ цахим төлбөрийн системд шилжсэнээр үйлчилгээний хөлсөнд ямар нэг өөрчлөлт орохгүй гэсэн. Цахим картны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/UbSmartCard?fref=photo цахим хуудсаар нэвтэн авах боломжтой.