Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд өдгөө сургуулийн өмнөх насны 1000 хүүхэд амьдарч байгаа. Харамсалтай нь тус хороонд 75 хүүхдийн ортой ганцхан цэцэрлэг бий. Нөхцөл байдлаас шалтгаалан хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр өдгөө тус цэцэрлэгт 175 хүүхэд хүмүүжиж байна.
Харин үлдсэн 800 гаруй хүүхдэд бусад хүүхдийн адил эрхээ эдэлж, сургуулийн өмнөх боловсрол эзэмших, цэцэрлэгт хамрагдах боломж олдохгүй байгаа. Энэ асуудалд эмзэглэсэн иргэн Б.Мөнхжин өөрийн хөрөнгөөр 80 хүүхдийн цэцэрлэгийг тус хороонд барьж буй аж.
Цэцэрлэгийн барилгын ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд шинэ хичээлийн жилээс урьтаж нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Нийгмийн эмзэг бүлгийн, хагас өнчин хүүхдүүдэд шинэ жил, эх үрсийн баярын өдрүүдэд бэлэг өгч хүмүүнлэгийн ажил санаачлан зохион байгуулдаг залуугийн хийх ажлын төлөвлөгөөнд цэцэрлэгийн дэргэд халамжийн төв байгуулах ажил ч багтсан гэнэ.
