Монголын их, дээд сургуулийн I, III курсийн оюутнуудад эргэн төлөх нөхцөлтэй, жилийн 1500 ам.долларын тэтгэлэг олгох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг тэтгэлгийг “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбооныхон олгож байгаа бөгөөд олон хүүхэд хамруулахын тулд бүртгэлийн хугацааг энэ сарын 31 хүртэл сунгасан байна. Энэ жил тус тэтгэлэгт нэгдүгээр курсийн 20, гуравдугаар курсийн 10 оюутныг хамруулахаар болсон юм. Нэг оюутанд дээд тал нь дөрвөн жил тэтгэлэг олгох аж. Тухайн оюутан сургуулиа төгссөнөөс хойш хоёр дахь жилээсээ буюу есөн жилийн хугацаанд 1500 ам.доллараа хүүгүйгээр эргүүлэн төлнө. Бүртгүүлэхэд маягтын дагуу тэтгэлэг хүссэн өргөдөл, “Миний ирэх 10 жил ба мөрөөдөл” сэдвээр эсээ бичсэн байх хэрэгтэй. Мөн өрхийн орлогыг тодорхойлох баримт, одоо сурч буй болон төгссөн сургуулийн тодорхойлолт, ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбар шаардлагатай юм байна.
Нэгдүгээр курсийн оюутнуудад ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80 болон түүнээс дээш, тухайн хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь жилийн улсын дунджаас 100-гаар илүү байх шалгуур тавьжээ. Харин гуравдугаар курсийн оюутан бол голч дүн нь 3.3 болон түүнээс дээш байх ёстой. Энэ шалгуурыг хангасан улс болон хувийн ямар ч сургуулийн оюутан тэтгэлэг авах боломжтой гэнэ.