Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган, амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Нийслэлийн “Өргөө” амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулах аж. Харин “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ. Ийм тасгийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв зайлшгүй шаардлагын улмаас өөрсдөө санаачлан, нөөц бололцоондоо тулгуурлан байгуулсан аж. Энэ тасагт амьсгал хямралын хам шинж, тархины цус харвалт, гэдэсний үхжилт үрэвслийн 1А, 1Б зэрэгтэй, 34 долоо хоногоос дээш тээлттэй дутуу болон гүйцэт нярай хэвтэн эмчлүүлэх юм байна. Түүнчлэн эмгэг шарлалттай, 37 долоо хоногоос дээш тээлттэй нярайн амьсгалын дээд, доод замын эмгэг, суулгалт өвчнийг эмчлэх гэнэ.