Ч.Туяа
Төв аймгийн Эрдэнэ сумын I багийн “Мандал” амралтын газрын ойролцоох Туул голын усны төвшин нэмэгдсэнээс тус амралтын газрын болон иргэн С-ийн гурван гэр үерийн усанд автсан байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст “гэр усанд автлаа” гэсэн дуудлага өчигдөр 14.05 цагт ирсэн бөгөөд тус хэлтсийн ээлжийн таван албан хаагч уг газарт очиж, үерт автсан гэрүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Азаар усанд живж, бэртсэн хүн байхгүй аж. Энэ мэтчилэн үер усанд автомашин сууж, иргэд усанд боогдсон явдал цөөнгүй гарчээ. Тэдний дотор бага насны хүүхэд гурав , жирэмсэн эмэгтэй нэг байсан аж. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн XII, XIII хорооны айлуудын гэр, хашаа, гахайн байр усанд автсан байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 10 албан хаач, хоёр автомашинтай очин, тогтсон усыг мотопомпоор соруулан иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.