Өнгөрсөн оны есдүгээр сараас “Ухаалаг автобус” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй автобусууд цахим системд шилжиж, маршрутын давхцал арилахаас гадна зорчигчид картаар төлбөр тооцоогоо хийх юм.
Тэгвэл тун удахгүй иргэд “ухаалаг” автобусаар зорчих нь. Тус төслийг хэрэгжүүлж буй “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас 30 автобусанд “ухаалаг” тоног төхөөрөмж суурилуулан, туршсан. Үр дүн нь яаж гарав. Мөн долдугаар сарын 1-нээс 1200 орчим автобусанд тоног төхөөрөмж суурилуулна гэж байсан нь юу болсон бэ?
-Үр дүн сайн гарсан. Бид үйл ажиллагааныхаа нээлтийг энэ сарын 24- нд хийнэ. Долдугаар сарын 1-нээс өмнө үнэхээр амжсангүй. Одоогийн байдлаар 1100 орчим автобусанд тоног төхөөрөмж суурилуулаад байна. Үлдсэн 50-60 автобусанд нээлтээс өмнө амжиж тоног төхөөрөмж суурилуулах юм. Ингээд иргэд автобусанд карт уншуулж, зорчдог болно.
-Картыг хэзээнээс борлуулах вэ?
-Энэ долоо хоногоос борлуулж эхэлнэ. Эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, цагдаагийн алба хаагч зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдэд хороодоор нь дамжуулан тараах юм.
Өнөөдрийн байдлаар карт борлуулах, цэнэглэх 180 орчим төв үйл ажиллагаагаа эхэлж байна. Томоохон худалдааны төвүүдэд удахгүй карт борлуулах, цэнэглэх төвүүд нээгдэнэ.
700 мянган картыг БНСУ-д үйлдвэрлэж, Улаанбаатар хотод авчраад байна.
-Нийтийн тээврээр хол, ойр зорчихоосоо хамаарч төлбөр нь харилцан адилгүй байдаг жишиг олон улсад бий. Манайд хэдэн буудал явсан ч хамаагүй 500 төгрөг төлдөг. Цахим системд шилжсэнээр үнэд өөрчлөлт орох уу?
-Энэ системд нэвтэрснээр үнэд ямар ч өөрчлөлт орохгүй. Яваандаа карт ашигладаггүй, бэлэн мөнгө төлж зорчиж байгаа иргэд бага зэрэг нэмэгдэл хөлс төлж магадгүй.
Цахим системд шилжсэний дараа Улаанбаатар хотын нийтийн тээвэрт маршрутын өөрчлөлт хийнэ. Ингэхээр богино, холын рейс гэж байхгүй, тойргийн системд шилжинэ.
Энэ үед дамжин зорчилтын хөнгөлөлт бий болгоно. Одоо гурван автобус дамжихад 1500 төгрөг төлдөг. Дамжин зорчилтын хөнгөлөлттэй болсноор эхний автобусанд 500, дараагийнхаас 450, 400 төгрөг төлөх жишээтэй.
-Картыг хэдэн төгрөгөөр борлуулах вэ. Би картаа өөр хэн нэгэнд ашиглуулж болох уу?
-3600 төгрөгөөр зарна. Энгийн картыг бусдад шилжүүлж болно. Хөнгөлөлттэй зорчдог оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, цагдаагийн алба хаагч нар картаа бусдад шилжүүлж болохгүй.
-Хөнгөлөлттэй зорчих иргэд сард хэдэн удаа автобусаар зорчих эрхтэй вэ?
-Хуучин мөрдөж байсан систем хэвээрээ байгаа.
-Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэд өдөрт хэдэн ч автобус дамжих эрхтэй байсан. Тэгэхээр энэ нь хэвээрээ гэсэн үг үү?
-Картанд хязгаар тогтоох эсэхийг Э.Бат-Үүл даргаар ахлуулсан Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, автобус компанийн төлөөлөл, Нийтийн тээврийн газрынхнаас бүрдсэн Нийтийн тээврийн зөвлөл шийднэ.
Бид сарын эхэнд картыг нь мөнгөөр цэнэглэж өгөөд, өдөрт 4-5 удаа зорчино гэж тооцож байгаа.
-Гадаадад бол хугацаа нь дууссан картаа буцааж өгөөд, мөнгө авдаг. Манайд ямар байх бол?
-Картыг гэмтээхгүй, үрэгдүүлэхгүй бол хэдэн жил ч ашиглаж болно. Мэдээж, 1-2 жил огт ашиглаагүй картыг хүчингүй болгоно.
-Иргэд картаа автобусанд суухдаа болон буухдаа уншуулах ёстой. Магадгүй уншуулахаа мартчихвал яах вэ?
-Ер нь автобусанд суухдаа уншуулахад л хангалттай. Буухдаа уншуулснаар хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
Жишээ нь, Офицеруудын ордноос Чингисийн талбай хүртэл нэг автобусанд суугаад, дараагийн автобусанд шилжин суух зайг 20 минут гээд өгчихөж байгаа юм. Энэ хооронд дараагийн автобусанд суучихвал дамжин зорчилтын хөнгөлөлт эдэлнэ.
-Картаа хаявал хаана хандах вэ?
-Хэрэв тухайн карт эзэмшигч манайд өмнө нь бүртгүүлчихсэн байвал сэргээж болно. Бүртгүүлээгүй бол олон мянган картнаас аль нь хаягдсаныг мэдэхгүй тул сэргээх боломжгүй.
Харин хөнгөлөлттэй зорчдог иргэдийн карт манайд бүртгэлтэй байна. Тиймээс хаях юм бол сэргээж өгнө.
-Танайх улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй, Монгол, БНСУ-ын хамтарсан компани. Одоогийн байдлаар танайд хэдэн хүн ажиллаж байна вэ. Төсөв болон үйл ажиллагааны зардлаа хэрхэн олдог вэ?
-Манайх Улаанбаатар хот, Сөүл хотын оролцоотой, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн тод жишээ болсон компани.
Хөрөнгө оруулалтаа 100 хувь БНСУ-ын талаас буюу манай компани өөрсдөө босгож байгаа. Одоогийн байдлаар 60 орчим хүн ажиллаж байна. 25 нь БНСУ-ын инженер, мэргэжилтэн.
Системийн туслан гүйцэтгэгчээр 7-8 монгол компани ажиллаж байна.
-Энэ төсөл 4-5 жилийн хугацаанд 24.1 тэрбум төгрөгөөр хэрэгжинэ. Зардлаа хэдий хугацаанд яаж нөхөх вэ. Нөхчихлөө гэхэд компани үйл ажиллагаа явуулсаар байх уу?
-Үйл ажиллагааныхаа орлогоор 6-7 жилийн хугацаанд зарлагаа нөхөх зорилготой ажиллаж байна. Энэ нь төр, иргэдэд ямар ч дарамтгүй, эко хөрөнгө оруулалт.
Энгийнээр хэлбэл, иргэдийн зорчих төлбөр 500 төгрөгөөс шимтгэл маягаар авч, хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн үг.
Зарлагаа нөхсөний дараа БНСУ-ын хувь буурч, Монголын талынх өснө. Төсөл хэрэгжиж дууссан ч энэ компани төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаараа л явна.
-Танайх өөр төсөл хэрэгжүүлэх үү?
-Удахгүй дараа дараагийн төсөл рүү орно. Такси, орон нутгийн нийтийн тээвэр, галт тэрэгний тасалбарыг цахим системд шилжүүлэх болов уу.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ