40 настай энэхүү улстөрчийг хэдхэн сарын өмнө хүмүүс бараг мэддэггүй байлаа. Харин тавдугаар сард болсон Грекийн парламентын сонгууль, Европын холбоотой хийсэн сөргөлдсөний дараа түүнийг Европт таньж мэдэхгүй хүн байхгүй болсон гэнэ.
“Тамын улстай гэрээ хийхгүй” гэх зэргээр Европын холбоог дайрч давшилсныхаа шанд тэрбээр хэт зүүний үзэлт намууд дунд нэр хүнд нь эрс өссөн байна. Алексис Ципрасын гадаад төрх Европын зүүний намын идэвхтэн залуу шиг л харагдана.
Ажилдаа BMW мотоциклиор ирж, өмссөн хувцас нь архаг улстөрчдийн дэргэд оюутан шиг харагдавч тэрбээр Грекийн төдийгүй Европын хашир бурхинуудтай тэмцээд ялж чадсан улстөрч. Грекийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Алексис Ципрас Европын холбоотой нээлттэй дайн зарласан Европын хамгийн анхны Төрийн тэргүүн гэдгээрээ түүхэнд үлдсэн.
Үндсэн хуулиараа Христийн шашинт орон хэмээн тунхагласан Грекийн шашин шүтдэггүй Ерөнхий сайд. Тийм ээ, түүний тухай сонин хачин, содон зүйл маш их бий. Ингээд Алексис Ципрасын улс төрийн замналыг сөхөн харъя.
Алс тэртээ 1989 онд дунд сургуульд ангийн дарга байсан Ципрас Грекийн Коммунист намын залуучуудын байгууллагад элсэх шийдвэр гаргалаа. Энэ байгууллага нь коммунизмын үзэл санааг одоо болтол сахин хамгаалж, бэлгэдэлдээ алх хадуур ашигласаар байгаа, хуучнаар бол Хувьсгалт залуучуудын эвлэл байв.
Тухайн үед Ципрас боловсролын системийг шүүмжлэн, Афиний дунд сургуулиудад үймээн дэгдээхэд идэвхтэй оролцсон нь тодрох замыг нь тавьж өгчээ. Хэдэн жилийн дараа тэр коммунистуудаас салж, дөнгөж байгуулагдаад байсан “Зүүний хүчний эвсэл” буюу одоогийн СИРИЗА намд элссэн байна.
2006 оны орон нутгийн сонгуулиар түүний од гийж эхэлсэн юм. Тэр үеийн “Зүүний хүчний эвсэл”-ийн тэргүүн Алекос Алаванос намдаа ногоонтнууд, элдэв хөдөлгөөний гишүүдийг элсүүлж, цус сэлбэхийг зорьж байлаа.
Сонгуулийн өмнөх кампанит ажилдаа тэрбээр урьд өмнө ил гарч байгаагүй шинэ залуусыг ашиглахыг хүсчээ. Түүний сонголт 32 настай Ципрас дээр буулаа. Ципрас Афин хотын даргын сонгуульд өрсөлдөж, нам нь 2004 оныхоос гурав дахин их буюу 10.5 хувийн санал авсан нь тухайн үедээ томоохон сенсаац хэмээн тооцогдож байлаа.
Энэ үеэс Ципрас Грекийн улс төрд өөрийн гэсэн байр суурьтай болсон юм. 2008 онд болсон СИРИЗА намын их хурал дээр намын тэргүүн Алаванос эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхдөө, намынхаа томчуудтай зөрөн байж, Ципрасыг тэргүүнээр тавьж дөнгөв.
Энэ албан тушаалд өрсөлдсөн Хууль зүйн сайд асан Фотис Кувелис уурандаа намаасаа гарч, шинэ хөдөлгөөн байгуулсан гэдэг. Алаваносын ачаар намын тэргүүн болж, түүний дэмжлэгээр олон жил явсан ч Ципрас хором ч эргэлзэлгүй түүнийг хаясан юм.
Тэдний салсан шалтгаан нь Европын холбоон дахь Грек улсын байр суурь дээрх санал зөрөлдөөн байсан гэж шинжээчид үздэг. Гомдож тунирхсан Алаванос ч намаасаа гарсан бөгөөд одоо болтол Ципрасын талаар ярих дургүй гэнэ.
Тэр хооронд Ципрас олон янзын бүлэг, хөдөлгөөнийг нэгтгэн, шинэ нам байгуулахаар завгүй ажиллаж байв. Ципрасын намын шинэ гишүүдэд троцкист, маоист, коммунист, зүүнийхэн гээд л маш олон янзын үзэл бодолтой хүмүүс багтаж, бүгд л намын бодлогод нөлөөлөхийг оролдож байна.
Энэ бүх бүлэг, хөдөлгөөнийг нэг намын дотор багтаан удирдаж байгаа нь Ципрасын авьяас гэхээс өөр хэлэх үг алга. Ципрас зарим үед нээлттэй, нөхөрсөг байж чаддаг. Тэрбээр Афин хотод эхнэр, хүүхдийн хамт даруухан амьдарч, гадуур явган зугаалан, мотоциклиор уралдах дуртай. Хувийн харилцаанд түүнийг эелдэг, шулуун зантай гэж тодорхойлж болно.
Гэвч улс төрийн талаар ярьж эхлэх үедээ хатуу, харгис болон хувирдаг. Ципрас нэгдсэн ардын нам байгуулахын тулд Барууны үзэлт намууд, тэр байтугай коммунист намтай ч нэгдэхэд бэлэн хэмээн ярьдаг.
Хэдийгээр Германы эсрэг үзэл санаа, бүсээ чангалахыг эсэргүүцэж байгаагаараа баруун, зүүний намууд ижилхэн ч Ципрасыг үнэхээр тэгж бодож байгаа гэж итгэж болохгүй. Түүний улс төрийн амлалт хэрхэн эргэдгийг Социал ардчилсан намын тэргүүн Фотис Кувелис өөрийн бие дээр амсаад амжсан билээ.
2014 оны арванхоёрдугаар сарын 29-ний Ерөнхийлөгчийн сонгуулийн гуравдугаар үеийн өмнө Кувелисийн намын депутатууд эрх баригч намын нэр дэвшигч Ставрос Димаст санал өгөх нь гэдэг цуурхал тарсан байв. Ципрас Социал ардчилсан намынханд хандан, “Димаст санал битгий өг” хэмээн ятгаж, дараагийн сонгуульд тэдэнтэй эвсэл болон нэгдэж болно хэмээн амлажээ.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт ололгүй өнгөрсний дараа тэднийг зүгээр л ор тас мартсан юм. Салах үедээ салж, хаях үедээ хаядаг шулуун зантай ч Ципрас анхны хайр Беттитэйгээ өдгөө амьдарсаар л байна.
Бетти түүнийг улс төрийн замд оруулсан гэж олон хүн үздэг. Ципрас спортоор хичээллэж, олимпийн наадамд өрсөлдөх бодолтой байсан ч хайрт бүсгүй нь түүнийг оюутны хөдөлгөөн, жагсаал цуглаанд оролц хэмээн ятгадаг байсан аж.
Алексис Афиний техникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн бол гэргий нь цахилгааны инженер гэнэ. Ципрас Бетти нар одоо хүртэл гэрлээгүй, учир нь Грект шинэ гэрлэгсдийг заавал сүм хийдэд ёслолоо хийхийг шаарддаг юм.
Грекийн хууль ёсоор шинээр сонгогдсон Ерөнхий сайд Библи судар дээр гараа тавин тангараг өргөх ёстой. Харин шашингүйн үзэлтэн Ципрас энэ ёслолоос хээв нэг татгалзаж байв. Хосууд хоёр хүүтэй. Тэд бага хүүгээ өөрсдийн шүтээн Че Геварагийн нэрээр нэрлэсэн байна.
Че Гевараг шүтдэг, шашингүйн үзэлтэн гэхээр Алексис Ципрас гэж хэн бэ гэдэг нь бага ч гэсэн тодорхой болох байх. Алексис Ципрас нь 1974 оны долдугаар сарын 28-нд Афин хотноо төрсөн
2015 оны нэгдүгээр сараас Грекийн Ерөнхий сайдаар ажиллаж байна. Зүүний СИРИЗА намын тэргүүн юм.
М.СУГАР-ЭРДЭНЭ