Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй, эх сурвалж нь тодорхой байхад сэтгүүлчийг баривчлан хорьсныг эсэргүүцсэн сэтгүүлчид “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа.
Тэд өнгөрсөн баасан гаригт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа жагссан бол, өчигдөр Чингисийн талбайд чимээгүй суулт хийлээ. Энэ үеэр Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайханаас цөөн асуултад хариулт авав.
-Та бүхэн жагслаа, одоо суулт хийж байна. Нааштай үр дүн гарах нь уу?
-Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрт хандахаас өөр зам үлдсэнгүй. Сэтгүүлч Ерөнхийлөгч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан Ерөнхий сайд хоёр энд анхаарал хандуулна гэж найдаж байна.
Өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг рүү залгатал утас нь мессеж роуминг үйлчилгээнд байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль, эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллаж болж байна гэсэн. Шүүгчийн захирамжид нөлөөлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Бусдаас нь хариу хүлээж байна.
Шүүгчийн захирамжийг өөрчлөх, эргэж харах эрх нь тухайн шүүгчид өөрт нь байгаа учраас хэцүү юм.
Сэтгүүлчдийн шаардлага тавьж байгаа газар нь шүүх учраас амаргүй байна.
-С.Батжаргал шүүгчтэй уулзсан уу?
-Шүүгчтэй уулзаж болдоггүй болж. Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчтэй уулзах гэсэн ч болсонгүй, туслахтай нь л уулзлаа. Түүнтэй холбоотой байж, мэдээлэл авч байгаа.
-С.Баттулга сэтгүүлчтэй уулзсан уу?
-Маргааш очих төлөвлөгөөтэй байна. Харин уулзаж чадах нь уу, үгүй юү. С.Баттулгын ар гэрийнхэн хөдөөнөөс ирж байгаа. Бид хамт очих юм гэв.
Чимээгүй суултад нэгдсэн хуульч Б.Энхбаяр “Энэ бол нэг сэтгүүлч биш, хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой асуудал. Би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ийм зөрчил дутагдал гаргасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна гээд хэвлэлийн хурал хийж байсан.
Үүнээсээ болж, гүтгэх зүйл ангиар шалгагдан, сэжигтнээр татагдаж байлаа. Энэ үйл явц яаж явагддагийг мэднэ. Гэхдээ хэрэг шүүхэд очихоос өмнө гэм буруугүйг тогтоож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Харин С.Баттулга эх сурвалж нь байгаа материалыг сайтдаа нийтэлсний төлөө хоригдсон нь харамсалтай. Өөрт тохиолдсон жишээнээс харахад надаас хөнгөн нөхцөлтэй хүнд ял сонсгосонд үнэхээр эмзэглэж байна.
Хянаж үзэх ёстой шүүгчийн шийдвэрийг хүлээхээс өөр арга алга. Шүүх хараат бус, бие даасан байдлаа шийдвэрээрээ илэрхийлдэг байх ёстой.
Гэтэл саяын тохиолдолд шударга ёсны гэхээс захиалгаар ажилладаг, хуулийг зүй бусаар ашигладаг зүй тогтол харагдаж байна шүү дээ” гэв. Тэд С.Баттулга сэтгүүлчийг суллатал тууштай тэмцэх аж.
Ч.БОЛОРТУЯА