Их Британийн “Sun” сонины газраас Их Британийн хатан хаан Элизабет II зургаан настай байхдаа фашист ёсоор баруун гараа өргөн мэндчилж байгаа 17 секундийн видео бичлэгийг цахим хуудсандаа байрлуулсан нь ихээхэн шуугиан тарьж байна.
Уг бичлэгийг 1933 онд Шотландын Балморал цайзад хийсэн хэмээн түүхчид таамаглаж байгаа юм.
Энэ бичлэг нь хэвлэл мэдээллийнхний гарт хэрхэн орсныг Букингемийн ордноос мөрдөж эхэлжээ. Гэхдээ зохиогчийн эрх болон бичлэгийг дэлгэсэн нь хууль зөрчсөн эсэхийг сайтар нягталж байгаа гэнэ.
Хатан хааны авга ах, Уэльсийн ханхүү Эдуард VIII фашистуудад талтай нэгэн төдийгүй 1937 онд Гитлертэй уулзаж байсан нь байдлыг улам хурцатгаж байгаа юм.
“Times” сэтгүүлд бичсэнээр ирээдүйн эзэн хаан Георги VI бичлэгийг хийсэн байх магадлалтай гэнэ. Хэрэв тийм бол хальсыг хатан хааны гэр бүлийн бусад бичлэгийн хамт Британийн кино урлагийн хүрээлэнд хадгалж, зохиогчийн эрхийг хатан хааны гэр бүл эзэмших ёстой байсан.
Тус хүрээлэнгийнхэн бичлэгийг ажилтнуудаа гадагш гаргасан байж магадгүй хэмээн сэжиглэн шалгаж эхлээд байгаа гэнэ. Мөн Эдуард VIII ханхүүгийн бэлэвсэн гэргий Уоллис Симпсоны Парис дахь шилтгээнд энэ хальс хадгалагдаж байсан гэсэн таамаг байна.
Эдуард VIII түүнтэй гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзаж байлаа. 1986 онд тэрбумтан Мохаммед аль-Файед шилтгээнийг доторх эд зүйлтэй нь цуг худалдан авч байсан юм. Дараа нь тэрбээр шилтгээнийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд тэнд энэ видео бичлэг байсан байж болзошгүй аж.
Хатан хааны албан ёсны төлөөлөгч “Хатан хааны гэр бүлийн архивын, олон жилийн өмнөх бичлэгийг ийм янзаар ашиглаж байгаад харамсаж байна.
Тэр үед Германы фашистууд засгийн эрхэнд гарч, хүнд гэмт хэрэг өдүүлнэ гэж хэн ч таамаглаагүй байсан. Зургаахан настай бяцхан охин яаж мэндчилж байгаагаа ч мэдэхгүй байсан нь ойлгомжтой.
Хатан хааны гэр бүл дэлхийн II дайны үеэр Их Британийн ард түмний төлөө хийсэн зүйл бүхнийг гэрчилнэ.
Манай хатан хаан 63 жил төр барихдаа дэлхий дахинд энх тайван байхын төлөө зүтгэж ирсэн” гэж мэдэгдээд байгаа.
М.СУГАР-ЭРДЭНЭ