Цагдаагийн байгууллагын хуулийг өөрчилж, “самарсан”-аас болж алба хаагчид нь дээр доргүй суудал, гүйдлээ олохгүй үймэлдэж байсан цаг. Сайд асан Х.Тэмүүжингийн зурснаар толгой нь багасах ёстой атал улам томорч, нэг ажлыг маш олон хүн хийдэг, зарим ажил нь хийх хүнгүй, хоосон хоцордог байдал тэр үед их байв.
Энэ эмх замбараагүй байдлын үеэр Баруун дөрвөн зам дахь ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын байранд хулгайч нэвтэрч 20 гаруй хавтаст хэргээ хулгайлан шатаасан хэрэг гарсан талаар тухайн үед нь бид мэдээлж байв.

Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр ч гэдэг. Сохор нохой дүйвээнээр ч гэсэн үг байдаг. Цагдаагийнхан суудал, гүйдлээ олохгүй үймэлдэж байгааг “аав”- ынд нэг бус удаа сууж явсан П.Батсүх овжин ашигласан гэхэд хилсдэхгүй.
П.БАТСҮХИЙН АЖЛЫН БАГАЖ НЬ ДАНХРААТ
Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог өөрчлөх самралтын уршгаар хуучны Мөрдөн байцаах газрын зарим хэлтэс, тасаг нүүж, Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг, “Элба” төвийн хажууд очиж, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар болон суурьшсан юм.
Тэнд очсон хэлтсийн нэг нь Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэс. Гэвч бодлогын ч, боловсон хүчний ч алдаа байсан байх. Харуул хамгаалалт муутай байранд нүүж очихоос нь өмнө хяналтыг нь чангатгах арга хэмжээ аваагүйгээс П.Батсүх үүнийг овжин ашиглаж, тус газрын нэгдүгээр давхрын 108 тоот өрөөний цонхоор орж, өөрт холбогдох 201214000075 дугаартай 22 хавтаст хэргийг хулгайлан авч гарсан юм.
Цагдаагийн байгууллагын байранд нэвтрэн орсон П.Батсүх ч өөрийнхөө мэргэшсэн аргыг ашигласан байдаг. Тэрбээр хэд хэдэн хэргээ хийхдээ данхраат (домкратавтомашины дугуй өргөгч) ашигласан аж.
2015 оны нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын байрны 108 тоот өрөөний хамгаалалтын төмрийг данхраатаараа хөшиж, өөрөө багтах хэмжээтэй зай гаргаад орсон аж.
Улмаар төмөр шүүгээнд байсан 22 хавтаст хэргээ авч буцаж гарчээ. Үүнээс өмнө хийсэн 40 гаруй удаагийн хулгайн хэргийнхээ цөөнгүйг нь данхраатын тусламжтайгаар үйлдсэн байх юм. Тухайлбал, 2011 онд Багануур дүүрэг дэх орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг ломбард, Дархан-Уул аймаг дахь ломбардуудад нэвтрэхдээ мөн л дээрх багажийг ашигласан аж.
Цагдаагийн байгууллагын байранд орж, 22 хавтаст хэргээ хулгайлахдаа тэрбээр эртнээс төлөвлөж бэлтгэсэн төдийгүй, сэтгэл санааны хувьд ч ихэд тайван байсан нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугласан номлох баримтаас илэрхий.
Хулгай хийхээсээ өмнө мань эр хүнсний дэлгүүрээс шил архи, барилгын материалын дэлгүүрээс савтай будаг худалдаж авсан байгаа юм. Хавтаст хэрэгт энэ тухай литрийн багтаамжтай “Ерөөл” архины шил нэг ширхэг, 40x40 см хэмжээтэй данхраат, ишний хамт, 59.5 см урттай царил нэг, хоёр литрийн багтаамжтай “Хос гялбаа” гэсэн шошготой будгийн лааз нэгийг эд мөрийн баримт болгон хураан авсан талаар тэмдэглэгдэн үлджээ.
“БАЙЦААГЧ НАР ЭЗЭНГҮЙ ХЭРГҮҮДЭЭ НАДАД ТОХОХ ГЭЭД БАЙХААР НЬ ӨШИРХСӨН”
П.Батсүх 22 хавтаст хэргээ цонхоор гаргасныхаа дараа эхлээд будаг түрхэж хооронд нь нааж үзсэн байгаа юм. Ажил их, ядаргаатай санагдсан уу, гэнэт шийдвэрээ өөрчлөн хавтаст хэргүүдийг шатааж эхэлжээ.
Уг байрны нэгэн оршин суугч шөнө дунд цонхоороо мань эрийн үйлдлийг харсан байгаа юм. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэнд “Нэг хүн байшингийн нөмөрт гал түлээд юм шатаагаад байсан. Тэгэхдээ бас нэг шил архи ууж суусан” хэмээн ярьжээ.
Ингээд Шинэ жилийн баярын дараа ажил цуглахад өрөөндөө орж болсон явдлыг мэдээд, улмаар сэжигтэн П.Батсүхийг баривчлан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад П.Батсүх “2012 онд анх баригдаад уг үйлдэл дээр нэмээд өөрөө сайн дураар 24 хэргээ хүлээн, гэм буруугаа хэлж байхад байцаагч нар хулгайн эзэнгүй хэргүүдийг хууль бусаар тулган дарамталж байсан. Тэгээд хоёр жилийн дотор намайг 45 гэмт үйлдэлд холбогдуулсан. Би үүнийг нь эсэргүүцэж өлсгөлөн зарласан боловч өөрөөсөө холдуулж чадаагүй.
Тиймээс тэдгээр 45 үйлдлийн өөрт хамааралгүй заримыг нь алга болгохын тулд хэргээ хулгайлахаас өөр арга олоогүй. Өөртөө ял нэмж, хуулийн дагуу ажиллаж байгаа хүмүүст хүндрэл учруулсандаа гэмшиж байна. Энэ хэргийг шалгахдаа цагдаагийнхан хэт нэг талыг барьсан.
Уг нь энэ хэргийн хохирогч нь мөрдөн байцаагч Ш.Жангар байх ёстой атал хэлтсийн дарга Баттулга нь хохирогч хэмээн оролцож, миний эсрэг мэдүүлэг өгч ял хүндрүүлэх талаар ажиллаж байна. Энэ хэргээс болж есөн хүн ажлаасаа халагдсан гэж Баттулга дарга тайлбарласан боловч тийм тооны хүн халагдсан тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.
Түүнээс гадна намайг ус буцалгагч авч шидэж эвдэлсэн, хэл амаар доромжилсон мэтээр мэдүүлэг бичиж хэрэгт хавсаргасан нь үндэслэлгүй. Харин ч хэлтсийн дарга Баттулга нь намайг хэргээ хүлээх гэж очиход гавлаад, эрүүгийн төлөөлөгч нараар зодуулсан.
Нүүр рүү битгий цохиорой гэж гуйхад зориуд нүүр рүү минь цохиулснаас болж би шалан дээр унахдаа ус буцалгагчийг дарж унаад хагалсныг гүтгэж бичсэн байна” хэмээн шүүхэд мэдүүлжээ.
П.БАТСҮХ ГЭЖ ХЭН БЭ
П.Батсүх хэмээх галт тэрэгний машинч мэргэжилтэй 44 настай энэ эр 1971 онд Дорноговь аймагт төржээ. Хэрэгт холбогдох үедээ ямар нэг ажил эрхэлдэггүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар багт оршин суудаг гэх боловч Улаанбаатарт байдаг нэгэн аж.
Тэрбээр 2009 онд Баянзүрх дүүргийн шүүхээс хулгайн хэргээр таван жил нэг сар хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан хоёр жил нэг сар хорих ял эдэлсэн нэгэн.

2010 онд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хүн аж. Тэрбээр ингэж гармагцаа Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг, Багахангай, Багануур, Налайх, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутгаас удаа дараа хулгай хийж, ломбард, дэлгүүр тоносон хэрэгт холбогдсон нэгэн.
Түүний бусдад учруулсан хохирлын хэмжээ нь 317 сая гаруй төгрөгөөр тооцогдож байжээ. Тэрбээр “Би 2005 оноос хулгайн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаалтаас оргож явснаас ийм олон хэрэг хийжээ.
2009 оны хоёрдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээр шийтгүүлэх үедээ 2005-2008 онд хийсэн хулгайн хэргээ би яриагүй. Хулгайлж авсан эд зүйл, үнэт эдлэлийг зарж борлуулан, мөнгөөр нь хонох байр, идэх хоол, уух зүйл зэрэг өөрийн хэрэглээндээ зарцуулдаг. Би хүмүүст 317 сая гаруй төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.
Энэ хохирлыг төлөх сонирхолтой боловч одоогоор надад төлбөрийн чадвар байхгүй. Би тухайн орон нутагт явж байхдаа хулгай хийх газар, ломбардыг судалж, царил, данхраат, алх, жоотууг бэлдэж, хулгай хийх үедээ ашигладаг байсан.
Сүүлдээ ямар ч зорилгогүй болж, өөрийгөө юу хийгээд явж байгаагаа ч ойлгохоо байсан” хэмээн 40 гаруй удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцэх үед мэдүүлж байжээ.
Тус шүүхээс П.Батсүхэд 12 жил чанга дэглэмтэй хорих ангид ял оноохоор шийдвэрлэсэн юм.
Харин хавтаст хэргээ хулгайлан шатаасан хэргийг нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцээд П.Батсүхийг өөрт холбогдох хэргийг дахин бүрдүүлэх зорилгоор хулгайлан авч, устгасан, мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэм буруутайд тооцож, хоёр жил есөн сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон юм.
Харин давж заалдах болон хяналтын шатны шүүх жирийн дэглэмтэй хорих ангид дээрх хугацаагаар ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Г.РАВЖАА