Австралийн аялагч Тимоти жон коупыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол, “Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөлөөр шагналаа. Тэрбээр 2004-2007 онд Монголоос Унгар улс руу мориор аялсан анхны жуулчин юм. Түүнчлэн Тим коуп Монголыг дэлхийд сурталчлах баримтат кино хийсэн бөгөөд “Чингис хааны мөрөөр, нүүдэлчдийн нутгаар явж өнгөрүүлсэн гайхалтай адал явдал” ном хавлүүлжээ. Түүний хийсэн кино болон илтгэлийг БНХАУ-д болсон олон улсын Торгоны замын хурал дээр танилцуулсан байна.
-Гурван жил мориор аялана гэдэг тэвчээр шаардсан ажил байх. Алалынхаа тухай дурсахгүй юу?
-Би Монголд ирэхдээ морь унаж чаддаггүй байсан. Гэхдээ Чингис хаан морин дээрээсээ буулгүй дэлхийн талыг эзэлзсэн. Би адал явдалд дуртай аялагч болохоор морь унаж сураад, Чингис хааны мөрөөр аялахыг хүссэн. Монголчуудын найрсаг зангийн ачаар аялалаа дуусгасан гэж боддог. Очсон газар бүрт найрсаг хүмүүс хүрээлж байлаа. Гэхдээ анхны морио худалдаж аваад тав хоногийн дараа хулгайд алдчихсан. Гурван жил аялахдаа олон морь хулгайд алдсан. Сайн морьтой болохоор хулгайд алддаг гэж хэлэхэд нь тайвширсан шүү. Би сонголт сайтай байна гэсэн үг.
-Аялж байхдаа хандив цуглуулж, өвчтэй хүүхдүүдэд өгсөн гэж сонссон?
-Тийм ээ. Аялалын хугацаанд 60 мянган ам.доллар цуглуулж, Ховд аймгийн дауны синдромтой хүүхдүүдэд хандивласан. Жуулчид тухайн оронд очоод их зүйл сурч, мэддэг. Тиймээс авсныхаа хэмжээгээр буцаагаад өгөх ёстой гэж боддог.
-Мориор аялал хийхээсээ өмнө дугуйгаар аялж байсан гэсэн үү?
-Би 20 настайдаа буюу 1998 онд Монголд ирж байсан. Тэгээд Орос, Монголоор 10 мянга гаруй км газар дугуйн аялал хийсэн. Би Монголд ирэх бүртээ шинэ зүйл сурдаг. Үр өгөөжтэй, өргөн уудам нутагт улам хайртай болж байна. Уудам тал шигээ уужим сэтгэлтэй хүн ч их бий.