Завхан аймгийн сурагчид зуны амралтаараа байгаль хамгаалах сайн дурын ажил хийх санаачилга гаргажээ. Тэд гол ус бохирдуулагч иргэдийг үйлдэл дээр нь илрүүлж сануулга өгөх, зохих хууль журмыг танилцуулах зорилгоор “Цэнхэр эргүүл” аян өрнүүлж буй гэнэ. Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас тус аймгийн таван сургуулийн сурагчдад Усны тухай хууль, бохирдолт, нөөцийн талаар сургалт зохион байгуулсан нь тэднийг сайн дурын аян зохион байгуулахад хүргэжээ. Тус сав газрын захиргааны дарга Б.Энхбаатартай утсаар холбогдлоо.
-Сурагчид хэзээнээс байгаль хамгаалах ажил хийж байна вэ?
-Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Усны зөв зохистой хэрэглээний талаар хүүхдүүдэд ойлгуулах нь маш чухал. Тиймээс бид сурагчдад зориулж хоёр удаа усны тухай сургалт зохион байгуулсан. Сургалтаа танхимд болон гол дээр очиж хийсэн нь үр дүнтэй болж, 30 гаруй хүүхэд сайн дурын байгаль хамгаалах хөдөлгөөнд нэгдсэн. “Цэнхэр эргүүл” аянынхан өдөр бүр эргүүлж хийж, зөрчил гаргаж буй иргэдийн зургийг авч, бидэнд илгээдэг. Сурагчдын мэдээллийн дагуу бид зохих арга хэмжээ авдаг.
-Хамгийн их илэрдэг зөрчил юу вэ?
-Гол дээр машин угаах зөрчил өдөр бүр гардаг. Голын эргээс 500 метрийн зайд машин угаах ёстой гэдгийг иргэд огт мэддэггүй. Зарим нь мэдсэн ч мэдээгүй юм шиг зан гаргадаг. Сурагчид маань тэдгээр хүмүүст Усны тухай хуулийн зөвлөгөө өгдөг. Зарим нь маш сайн хүлээж авдаг гэсэн.
-Хүүхдүүд энэ ажлыг сайн дураараа хийж байгаа гэсэн. Гэхдээ танай байгууллагаас ямар нэгэн урамшуулал өгдөг үү?
-Хамгийн сайн ажилласан хүүхдийг ирэх есдүгээр сард “Ус хамгаалагч”-аар тодруулж, урамшуулна. Түүнчлэн сайн дурын багт ажилласан бүх сурагчийг ирэх жил зусланд амраахаар болсон. Уг нь хүүхдүүдэд дугуй авч өгөөд, эргүүл хийлгэмээр байх юм. Одоохондоо тийм боломж алга. Гэхдээ сурагчдын хийж буй ажил олон хүнийг ухааруулж байгаа.
-Сурагчид эргүүлд гарахаас өөр ямар ажил хийдэг вэ?
-Тэд зөвхөн голын эргээр эргүүл хийдэггүй. Гүний худагтай айлууд болон ундны усаа зөөж буй иргэдэд зөвлөгөө өгдөг. Түүнчлэн хүүхэд томчууд хамтраад голын эх цэвэрлэсэн. Голын эх бохирдох ямар аюултайг иргэд ойлгохгүй юм. Эх нь бохирдвол гол тэр чигээрээ бохирдоно шүү дээ. Манай сав газарт бага хэмжээтэй, нөхөн сэргэх чадвар багатай, хөгшин ой байдаг. Хэдий тийм ч энэ ой сав газрын усны эхийг хэвэнд нь байлгахад чухал нөлөөтэй үзүүлдэг. Үүнийг нутгийн иргэдэд ойлгуулахад сурагчид тус болж байна.
“Цэнхэр эргүүл” аяны ахлагчаар тус аймгийн X ангийн сурагч Э.Мягмарсүрэн ажилладаг аж. Тэрбээр байгаль хамгаалах энэхүү ажлаа хариуцлагатай, нэр төртэй ажил хэмээв. Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас санаачилсан энэхүү сургалтыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэмжиж буй гэнэ. “Цэнхэр эргүүл” аян ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.