“Гудамж” төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгох гэнэ. Энэ талаар нийслэлийн холбогдох газруудын мэргэжилтнүүд хамтарсан ажлыг хэсэг байгуулан судалгаагаа эхлүүлжээ. Ажлын хэсгийн үзэж буйгаар нийслэлийн хэд хэдэн байршилд автомашингүй гудамж байгуулах боломжтой гэдгийг өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар онцлов. Эхний ээлжинд Улаанбаатар хотын Бага тойруу доторх дөрвөн байршилд энэ төслийг хэрэгжүүлэхээр сонгосон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн I хороо, Ц.Жигжиджавын гудамж буюу Монголын Хөрөнгийн биржийн зүүн урд талын уулзвараас баруун тийш Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн урдуур “Мобиком” ХХК, Төрийн өмчийн хороо хоёрын дундуур гарсан авто замтай холбогдох хэсгийг автомашингүй болгох аж. Мөн Хангарьд ордон, Бодь цамхаг, Эрдэнэс Монгол ХХК-ийн байрны дундуур Үндэсний түүхийн музейн урд тал, Чингисийн талбайн баруун талын автозамаас эхлэн Улаанбаатар хотын банк, МҮЭ-ийн холбооны төв байрны дундуур гарч “Өргөө” зочид буудал, “Голомт” банкны зүүн талын автозам хүртэлх байршлуудад дээрх төслийг хэрэгжүүлнэ.