“Хилчин хотхон”-ы долоон байрны 700 гаруй өрх 96 цаг буюу дөрвөн хоног усгүй байна. СӨХ-ныхон “Бохирын худаг бөглөрсөн” гэснээс ус хэзээ өгөх талаар оршин суугчдад ганц ч үг ганхийгээгүй аж. Ундны усны эрэлд унаатай нь унаагаараа, унаагүй нь явган гарчихаад байхад нэг байрных нь гарааш тэр аяараа усанд автаад долоо хоножээ. “Хилчин хотхон”-ыг хилийн цэргийн 0119 дүгээр ангийнхан барьсан байна. Анхнаасаа усны ундарга дээр барьсан тул байнга доороосоо ус гарч, тэр бүрт нь соруулдаг байжээ. Оршин суугч Э.Оюунзул “Байрны суурь бетоныг нимгэн, муу цутгаснаас болж ус гарах болсон. Насосоор усыг нь соруулдаг. Эхний жилүүдэд байруудыг 0119 дүгээр анги хариуцаж байснаа бидэнд мэдэгдэлгүй “Сэлэнгэ дулаан” компанид хариуцуулсан. Энэ компанийнхан ажлаа хийдэггүй. Үер бууж, цэвэр усны шугам бөглөрснөөс ус тасалсан гэсэн. Үер буух нь шугам хоолойтой ямар холбоотойг мэдэхгүй байна. Бас агааржуулалт буруу хийснээс өвөл нэг давхрын айлуудад машины утаа орж ирдэг” гэсэн бол Д.Чулуунбаатар “Гарааш усаар дүүрээд долоо хонолоо. Манай энд онцгой байдал үүсээд байна. “Сэлэнгэ дулаан” компани болон “Дархан хил” СӨХ хэвлэлийнхэнд газрын гүнээс гарсан усыг үерийнх гэж тайлбарлаад байгаа. Тийм биш. Байр маань хэзээ мөдгүй нурж магадгүй нь. Энэ гараашийг би 10 сая төгрөгөөр авсан. Одоо машинаа тавихад ч хэцүү байна. Байраа дөрвөн жилийн өмнө ам.метрийг нь 700 мянган төгрөгөөр авсан. Гарааш руу ордог зам доош сууж, машины купер хагалах болоод удлаа. Тавхан жил болсон байр цуурсан. Тэр хэсгийг нь шавар түрхээд л аргалдаг” хэмээв.
“Хилчин хотхон”-ы урд төв авто замын нэг урсгалыг хэсэг газарт хаасан байлаа. Энд тус хотхоны бохирын худаг байрладаг бөгөөд засвар хийж байв. “Хилчин хотхон”-ыг хариуцсан механик инженер Ч.Батням “Манай бохирын худаг руу үерийн ус орж, хотхоны усыг хаахаас аргагүй боллоо. Үер бууснаас энэ хавийн гэр хорооллын айлууд бохирын худагны тагийг авч, их шороотой ус худаг руу орсон. 300-гийн диаметртэй шугам руу шороо орохоор битүүрнэ биз дээ. Хотхонд бохирын 28 худаг байдгаас гурвынх нь тагийг тэр хавийн иргэд авсан” гэлээ.