Дарь-Эхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүд компьютерийн сургалтад үнэгүй хамрагдах боломжтой боллоо. Сүүлийн үеийн, хүчин чадал сайтай 40 компьютер, интернэтийн орчин бүхий сургалтын төвийг Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төвийнхөн өнөөдөр нээв. Энэ бүгдэд 90 сая гаруй вонн зарцуулсан бөгөөд үүнийг БНСУ-ын Үнэт цаас, санхүүгийн хорооны дэргэдэх Сайн дурын ажлыг дэмжих сангаас гаргажээ.
Тус төвийн гүйцэтгэх захирал Б.Батцэцэг “Манайх Дарь-Эх болон Чингэлтэйд хоёр сургалтын төвтэй. Энэ компьютерийн сургалтад дунд ангийн хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна. Эхний удаа 40 хүүхэдтэй анги нээж, тогтмол сургалт явуулах юм. Долоо хоногийн мягмар, лхагва, пүрэв гаригуудад 10.00-18.00 цагийн хооронд хичээллэнэ” гэв. Хүссэн хүүхэд бүр энэ сургалтад хамрагдах боломжтой аж. 102 дугаар сургуулийн сурагч Б.Хүслэн “Би “Яргуй” цэцэрлэгт сурч байхдаа эдний сургалтад хамрагдах болсон. Энэ хугацаанд би англи хэл гүнзгий шатанд хүртэл нь судалж, сүрлэн урлал хийж сурсан. Одоо компьютерийн сургалтад хамрагдана” гэлээ.