Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга, Түмэнжаргал нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товложээ.
Албан тушаал, эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо олох хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
“Амгалан” дулааны станцыг барихын тулд Баянзүрх дүүргийн нутаг, “Ус-15” орчмын 11.6 га газрыг чөлөөлөхөөр болсон. Нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тухайн бүсэд оршин сууж байсан айл өрх, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлсөн иргэдтэй тохиролцон газрыг нь үнэлэн нөхөн төлбөр олгосон юм.
Харин энэ байдлыг Н.Баяр, Э.Энхтулга нар овжноор ашигласан аж. Тэд мөрдөн байцаалтын шатанд улсад учруулсан хохирол гэж тооцогдсон мөнгийг зээл хэлбэрээр өгч авсан болгохоор ярилцаж тохиролцсон, үүнд нь үндэслээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж болзошгүй гэх мэдээлэл байна. Юутай ч өнөөдөр тус шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.
Г.ЦОЛМОН