Ховд аймгийн Булган сумын харьяат 14 настай, Г хэмээх хүү энэ сарын 12- нд тарваганы мах идсэнээс болж өндөр халууран, баруун суганых нь булчирхай цочсон байдалтай 18-ндаа сумынхаа эмнэлэгт хүргэгдсэн байна.
Гэвч өчигдөр буюу 21-ний 03.00 цагт хүү нас барсан аж. Тарваган тахлын вакцин хийж байсан багийнхан өвчтөнийг илрүүлсэн бөгөөд тэнд дөрвөн хот айлын 30 гаруй хүн байжээ. Манай улс Казахстанаас 29 мянган тун вакцин авч, 17 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж, дархлаажуулалт хийж эхэлсэн.
Тахлын голомт бүхий нутаг руу явах иргэд хүсвэл ХӨСҮТ-д очин, тодорхой хэмжээний төлбөр төлж вакцин хийлгэх боломжтой. Манай улсын 17 аймгийн 132 сум, тэр дундаа Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт тарваган тахал гарах магадлал өндөр байгаа гэнэ.
Иймээс үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал холбогдох байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлд нь гар хүрэхгүй байх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэйг МХЕГаас зөвлөж байна.
Өвчилсөн амьтан агнах, өвчих, арьс, маханд хүрэх, бөөсөнд хазуулахад болон ийм өвчтэй хүнийг асрах, сувилахад тарваган тахлын халдвар авдаг аж.
Халдвар авснаас хойш дунджаар 2-3 хоногт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна нян орсон хэсэгт улайн толбо, гүвдрүү гарч, цусархаг цэврүү үүсэн, булчирхай томорч хүчтэй өвддөг.
Э.ЭРДЭНЭ