Нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлээс 2016 онд манай улсад зохион байгуулах азиевропын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажил болон цаг үеийн зарим асуудлаар тодруулсан юм.
-АСЕМ-ын бэлтгэл хэр хангаж байна вэ?
-Зочид, төлөөлөгчдийг хүлээж авах зочид буудлуудтай холбогдох ажил төлөвлөсний дагуу явж байна. Ирэх аравдугаар сард эхний зочид буудлууд ашиглалтад орно. Хамгийн сүүлийнхийг нь ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Хүрхрээд баригдаж буй хаусуудыг зочид буцсаны дараа ашиглах ёстой. Тиймээс ч бид хувийн хөрөнгө оруулалтаар эдгээрийг бариулж буй.
-Улаанбаатар хотод 2-3 хоног усархаг бороо ороход үндсэндээ усанд автсан. 2013 оноос хойш барьсан авто замуудад ус зайлуулах шугам, хоолой барьсан ч хуучны зураг, төслөөр хийсэн учраас шаардлага хангахгүй байна гэх юм. Нийслэлийн удирдлагын хувьд юу хэлэх вэ?
-Хуучин, шинэ зургаар барьсан гэлтгүй тэдгээр шугам, хоолой тодорхой хэмжээний усыг л зайлуулах боломжтой. Бороо бидний тооцсоноор орохгүй шүү дээ.
Энэ зун гантай байгаагаас хөрсөнд ус шингэхгүй, үерийн байдалтай болж байна. Өчигдөр (өнгөрөгч даваа гариг) орсон борооны улмаас мөн дээрхтэй адил нөхцөл байдал үүссэн. Ус асгаж байгаа юм шиг л орсон шүү дээ.
Тийм нөхцөлд ямар ч шугам, хоолой усыг нь зайлуулж чадахгүй.
-Энэ жил нийслэлийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалтын ажил хэр урагшилж байна вэ. Төлөвлөсөн хугацаандаа амжих уу?
-Энэ жил чамгүй том бүтээн байгуулалтын ажил хийж байна. Хотын захирагчийн хувьд нийслэлийнхээ иргэдэд асуудлыг ойлгуулж, тодорхой арга хэмжээ авч ажиллана.
Бүтээн байгуулалтын ажлыг хуваарийн дагуу хийж байгаа нь олзуурхууштай нь. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний дагуу хийж буй дулааны шугам шинэчлэх ажлын эхний хэсгийг төлөвлөсөн хугацаанаас хоёр хоногийн өмнө дуусгасан.
Энэ ажлыг бүхэлд нь ирэх сарын 15-нд дуусгана. Үүний дараа нийтийн тээврийн шинэ сүлжээ нэвтрүүлж эхэлнэ. Бороотой уралдаж ажиллах шаардлага тулгарч байгаа. Мөн хойд чиглэлд тавьж буй зуслангийн зам засварын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.
Энэ дашрамд нэг зүйл хэлэхэд, бид хойд чиглэлийн зуслангийн иргэдтэй уулзаж, саналыг нь асуух бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл, замын ажлын далангийн хатуу хучилтыг энэ жил, хөнгөн хучилтыг ирэх жил хийе гэж гуйх гэж байгаа юм.
Ингэснээр замыг технологийн дагуу тавих юм. Хугацаандаа багтааж өнгөн хучилтаа хийж дуусгаж болох ч чанарыг нь бодолцох хэрэгтэй. Гэвч иргэд зөвшөөрөхгүй бол замын ажлыг энэ ондоо бүрэн дуусгаж таарна.
Зуслангийн чиглэлийн бүх замын ажлыг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд дуусгана.
-Нийтийн тээврийн шинэ сүлжээ нэвтрүүлнэ гэлээ. Тодорхой хэлэхгүй юү?
-500 төгрөгийн тасалбараар чөлөөтэй зорчих бололцоо бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, бид туршиж байсанчлан тухайн өдөр авсан тасалбараараа дахин зорчих боломжтой болж байгаа юм.
Ингэхдээ нэг зорчигч дээд тал нь хоёр удаа автобусанд суух боломжтой байхаар зохицуулах юм. Нийтийн тээврийн маршруттай нь уялдуулж буй хэрэг.
Энэ нь туршилтын явцад гарсан хүндрэл, бэрхшээлийг зохицуулж буй нэг хэлбэр юм. Түүнчлэн ухаалаг карт нэвтрүүлж буй.
Б.НОМИН